Байхгүй хуулийн ХОРИГ ба ХОРИГ дагасан тайлбарууд

2019 оны 05 сарын 17

“Монголын бизнесийн орчны судалгаа”-нд  оролцсон татвар төлөгч компаниудын 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын  дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулсан байдаг. Тэрчлэн Татварын багц хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ээлжит бус чуулганаар хуульчлагдан батлагдах хүртлээ ХҮЛЭЭЛТ үүсгэсэн гэдгийг тодотгох нь зөв байх. Жил гаруйн хугацаанд хэлэлцүүлгийн шат дамжлагуудыг дамжсан багц хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1783 санал хүлээн авч  тусгасны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн хэд хэдэн санал  тусгагджээ. Тодруулбал, хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Ерөнхийлөгчийн  ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, зургаан  саналыг хүлээн авч тусган, баталсан болохыг Сангийн яамнаас мэдэгдэж байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө болон бусдын санаа оноо тусгагдаж,  шигшигдэж, хэлэлцэгдэн батлагдсан Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьж буйгаа энэ сарын 14-ний өдөр мэдэгдсэн билээ.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй, гүтгэлэг гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Мөн тэрбээр “Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Тэгвэл эдийн засагч Т.Доржханд Ерөнхийлөгчийн хоригийн талаар “Энэ төсөв, татвар болон эдийн засгийн чиглэлийн хуулиуд дээр тавигдаж байгаа Ерөнхийлөгчийн хоригууд үндэслэл муу, мэргэжлийн бус хэт субьектив байдлаар гарч байна” гэж буй бол эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Татварын багц хуулийн зүйл, заалтууд өнөөгийн эдийн засгийн орчинд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан нь хэрэгжих боломжтой, сайн хуулийн төсөл болсныг харуулж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлээд байна. Мөн Татварын багц хуулийн шинэчлэлд төдийгөөс өдийг хүртэл оролцоотой явж ирсэн эдийн засагч Б.Лхагважав хэлэхдээ  онолын суурь зарчмууд багц хуульд тусгагдаж, батлагдсан гэж буй. Ерөнхийдөө бол эдийн засагчдын дунд Татварын багц хуультай холбоотой эерэг байр суурь илүүтэй ноёрхож байгаа гэхэд болно.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригт дурдагдаад буй асуудлууд багц хуулийг үнэгүйдүүлэх үндэслэлүүд мөн үү гэдэг асуудал анхаарал татаж таарна. Тэгвэл Сангийн яамнаас Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан албан ёсны хариу тайлбарыг гаргалаа. Уг багц хуульд эдийн засгийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан татвар төлөгчдийн эрх ашиг, татварын суурийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж зугтах боломжийг хязгаарлах, татварын хууль тогтоомж хоорондын хийдэл, зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, ногдуулсан татварыг бүрэн хурааж, татварын тэгш шударга байдлыг хангах зүйл заалтууд  орсон гэдгийг тодотгож байна.  Ерөнхийлөгчийн зүгээс  Татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьсныг мөн санууллаа. Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан юм. 

Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр Сангийн яам дараах тайлбарыг өгч байна.


                                             

                                     - АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ-

-“Оюу Толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэх асуудал Ерөнхийлөгчийн хоригт бий.

-Тэгвэл хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй гэж Сангийн яам мэдээлж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм.

-Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулж, “Оюу Толгой” ХХК-ийн татварын алдагдлыг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулах сөрөг нөлөөтэй гэх асуудал мөн хоригт байгаа.

-Сангийн яамнаас энэ талаар тодотгохдоо “Шинээр батлагдсан хуулиар одоогийн “Нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг өөрчлөлгүй хадгалсан. Үүн дээр нэмж “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг - BEPS”-ийн зөвлөмжид заасан их хэмжээний зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг шинээр тусгасан. Өмнөх зохицуулалтыг чангаруулсан тул “Оюу Толгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдлыг нэмэгдүүлэхгүй. Зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах нэг бус хоёр дүрэм зэрэг үйлчлэхээр болж, одоогийн “Нимгэн капиталжуулалтын дүрэм” илүү боловсронгуй болгосон тул татварын суурь бууруулахгүй, татвараас зайлсхийх боломж хаагдана” гэж мэдэгдлээ.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг дордуулсан гэх асуудал Ерөнхийлөгчийн хоригт байгаа.

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан гэлээ.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлагнахаар зохицуулж, татварын зардлыг давхардуулан хасаж, татвараас зайлсхийх боломж олгосон, татварын тайлагналыг хялбаршуулах хуулийн зорилгыг гажуудуулж, орлого их хэмжээгээр бууруулна гэх асуудал хоригт бий.

-Тэгвэл зардлыг давхардуулан хасах нь нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлээр ч хориотой, хуулийн зөрчил учир боломжгүй. Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, хуулийн хийдлийг арилгах, ил тод болгох зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр орлого, зарлагаа салгаж татварын тайлан гаргах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь байгалийн баялаг ихтэй бусад улс орнуудад ашиглагддаг татвараас зайлсхийхийн эсрэг, татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой (ring-fencing rule) дүрэм юм. Уг дүрмийг хэрэгжүүлснээр олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрт хамаарах бүх зардлаа нэгтгэн тайлагнаж, хооронд нь ашиг алдагдлаа шилжүүлэн төлөх татвараа бууруулах боломжгүй болно. Тайлангийн маягт, тайлангийн хугацаа, тайлагналын системийн хувьд хуульд заасан нийтлэг жишгийг мөрдөх бөгөөд татвараас зайлсхийх явдлыг бууруулах, татварын сууриа хамгаалах хуулийн зорилгод нийцэж буй гэж байна.

-Арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрт хамаарах хүүгийн орлогод ногдуулах суутган татварыг бууруулсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй гэх асуудлаар дараах тайлбарыг өгч байна.

-Дотоодын банкнуудын татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрийн хүүд ногдох суутган татварыг бууруулах нь иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү бууруулахад чиглэсэн бодлогын хэмжээ юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан  зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод таван хувиар татвар ногдуулахаар тусгасан. Түүнчлэн, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл гаргасан тохиолдолд хүүгийн дарамтыг бууруулж таван хувь байхаар хуульд тусгасан болно. Ийнхүү татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг тусгасан гэж байна.

-Татварын хялбаршуулсан горимд хамрагдсанаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна гэх асуудалд дараах тайлбарыг өглөө.

-Жилийн 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн сонголтоор хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Хүсэлт гаргаагүй буюу хялбаршуулсан горим сонгоогүй татвар төлөгч нийтлэг жишгийн дагуу орлого, зарлагаа тайлагнан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээлттэй гэв.


                                                                               

                                                      - ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ -

-Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахад хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх тухай асуудалд:

-Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна.

-Сангийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлахаар байгаа гэх асуудалд:

Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна. Түүнчлэн, Хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар нийт 22 журам батлах эрх олгогдсон байгааг цөөрүүлэн батлахаар ажиллаж байна.

-Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан гэх асуудалд:

-Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн гурван  шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна. Харин татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг явуулахгүй. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн арга, хэлбэрийг зохицуулах эрх нь нээлттэй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргийн хүрээнд татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татвар, татварын албанаас төлүүлэхээр тогтоосон татварыг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөөгүй. Одоогийн болон шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмж гаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм. Ийнхүү татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг зөвлөгөө мэдээллээр хангаж, үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулалттай болгох үүднээс олон улсад түгээмэл хэрэглэдэг “public ruling” буюу татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, шинээр тусгасан. Энэхүү зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм. Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзах тул Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хуульд заасан зөвлөмж гаргахгүй.

-Татварын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэх асуудлаар:

Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэхүү зохицуулалтыг татвар төлөгчдийн саналд үндэслэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр тусгаж шийдвэрлэсэн. Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг дөрвөн  жил болгон бууруулсан.

-Татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдийн үүргийн талаар:

-Татварын өртэй этгээд маргаан шийдвэрлэх хугацаанд өөрийн хөрөнгийг үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлэн төлбөрийн чадваргүй болох замаар татвараас зугтаж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн татварын алба хөрөнгийг шилжүүлж авсан этгээдээс шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татварын өрийг хураах бөгөөд хоёрдогч этгээдийн шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болсон авлагаас илүү хэмжээгээр хөрөнгө гаргуулахгүй. Ийнхүү зөвхөн шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татвар төлөх хоёрдогч үүрэг хязгаарлагдах тул эрх зүйн бусад зохицуулалттай зөрчилдөхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан байдаг тул хуульд заасан татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн зохицуулалт нь Иргэний хуультай зөрчилдөхгүй.

-Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцахаар зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байна гэх асуудлаар:

-Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм. Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм.


                                                               

                           - ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ - 

-Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнийг тодорхойлох зохицуулалтыг сулруулсан гэх асуудлаар:

-Дэлхийн улс орнууд оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох шалгуурыг өөрийн онцлогт тулгуурлан дотоодын хууль тогтоомждоо тусгадаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад байнга оршин суугч татвар төлөгч 10 хувиар, оршин суугч бус татвар төлөгч 20 хувиар татвар төлөхөөр заасан. Энэ нь татвар төлөгчийг аль болох байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуульд заасан "орон байртай байх" гэсэн шалгуурыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхаас гадна "орон байртай байна" гэдгийг хэрхэн тодорхойлох нь маргаан дагуулдаг. Давхар татварын хэлэлцээрийн загвар нь улс орнууд хооронд хэлэлцээр байгуулахад ашиглаж болох жишиг баримт бичиг бөгөөд тусгаар улс орнууд заавал дагаж мөрдөх, тэр дундаа дотоодын хууль тогтоомжийг уг загварт нийцүүлэх шаардлагагүй юм. Түүнчлэн “орон байртай байх” гэсэн шаардлага нь хувь хүн хуулийн дагуу хоёр улсад нэгэн зэрэг оршин суугч болсон тохиолдолд давхар татварын хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцогч улсууд татварын давхардлыг арилгах зорилгоор оршин суугч улсыг тодорхойлох шаардлага буюу “tie breaker” дүрмийн нэг хэсэг юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч хувь хүн Монгол Улсад 183 хоног ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрахаар бол харьяа татварын албандаа хандан, байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй” хэмээн албан ёсны хариу тайлбарыг өгч байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.114.186) 2019 оны 05 сарын 17

Өөрөө буруу үйлдэл хийчихээд гоншигноод байх хэрэггүй Энхболдоо.Буруу үйлдэл нь чамтай өөртэй чинь холбоотой.Хэрэв арга хэмжээ авах гээд байгаа бол өөрөө өрөгдлөө өгөөд эндээс зайлах хэрэгтэй

0  |  0
Top