Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн Ерөнхийлөгчийн хоригууд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн болсон цагаасаа хойш УИХ-аар баталж байгаа олон хууль тогтоомжид хориг тавьсан ч УИХ-ын босго давсан нь үгүй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн тавьсан хориг босго давдагүй ч цаад агуулга санаа нь үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, зөвхөн хувь улстөрчийн байр сууринаас хандаж байгааг хаа хаанаа сануулах болсоор удлаа. Түүнд хориг тавих хуулиар олгогдсон эрх нь бий. Тухайлбал, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-д “Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу заримд нь хориг тавих бүрэн эрхтэй” хэмээсэн заасан учраас түүнд бүрэн эрх нь бий. Тэглээ гээд бүхий л зүйлд хориг тавьдаг байж болохгүйг хууль судлаачид тайлбарласан бий.  Тэр тусмаа улс үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн хориг байж болохгүй гэдгийг сануулсан хэрэг.  Төсвийн тухай хууль хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьж байгаа нь үндэсний эрх ашгийг хөндөж байна гэж үзэхэд хүргэж байна. Нэгдүгээрт, “Төсвийн тухай хууль”-ийг батлах тодорхой хугацаатай. Хоёрдугаарт, “Төсвийн тухай хууль”-ийг заасан хугацаанд баталж чадаагүй УИХ тарах ёстой. Гуравдугаарт, “Төсвийн тухай хууль”-ийг батлахгүй бол Монгол Улсын төрийн ажил гацахаас гадна ард түмний амьдрал ахуйд тэр чигтээ нөлөөлнө. Энэ бүх зүйл бол үндэсний эрх ашиг юм. Өнөөдөр ч гэсэн “Татварын тухай багц хууль”-д хориг тавьж байгаа нь ч үндэсний эрх ашгийг зөрчиж байна.  Учир нь УИХ-аар баталсан “Татварын тухай багц хууль”-д улсын эдийн засгийг тэтгэх, ард түмнийхээ амьжиргааг өөд татах зохицуулалт бүхий олон зүйл заалт байгааг мэргэжилтнүүд онцолж буй учраас ийн хэлсэн хэрэг. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн удаа дараагийн хориг нь ихэнхдээ  Монгол Улсын ардчилсан тогтолцооны амь нь гэж болох засаглалын хэлбэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг хуульчид, судлаачид хэлж байгаа. 

Х.БАТТУЛГААС ӨӨР ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГООНД ХОРИГ ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙДАГГҮЙ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд Ц.Элбэгдорж хүртэл Н.Багабанди, Н.Энхбаяр гэсэн дөрвөн Ерөнхийлөгч ажиллажээ. Тэд хориг тавьдаг байсан уу гэвэл хэнээс ч дутахгүй хориг тавьдаг байсныг цаг хугацааны түүх өөрөө харуулж байна. Энэ тухай судлаачдын баримт ч бий. Өмнөх Ерөнхийлөгч нар ажиллаж байх үедээ буюу 1994-2016 оны хооронд 22 жилийн хугацаанд нийт 53 хориг тавьснаас 37-г нь буюу 72.3 хувийг нь УИХ хүлээн авсан гэсэн судалгаа байдаг. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг ч хоригийг УИХ хүлээж авахгүй байгаа нь дээр дурдсан үндэсний язгуур эрх ашигтай харшиж байгааг харуулсан хэрэг. Түүнээс Н.Багабанди ч юм уу бусад Ерөнхийлөгч нь мундагтаа биш юм. Тэд зүгээр л үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж байсныг сайшаан дурдах хэрэгтэй. Уг нь эрхэм дөрвөн Ерөнхийлөгчийн үед мөн ч олон хэрэггүй сайд нар томилогдож, мөн ч ядуу “Төсвийн тухай хууль” олон орж ирсэн байж таарна. Тэр тусмаа 1996-2000 он хүртэлх Засгийн газрууд, түүний сайдуудыг болж өгвөл бүгдэд нь хориг тавьчихаар юмнууд байсан ч П.Очирбат ч тавьсангүй, Н.Багабанди ч тавьсангүй нь өнөөх л язгуурын эрх ашгаа бодсон хэрэг. Тэд энэхүү 22 жилийн хугацаанд хэзээ ч Засгийн газрын томилгоонд хориг тавьж байсан удаа үгүй. “Муу нэртэй, луу данстай” Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ч Засгийн газрын томилгоонд хориг тавьж байгаагүйг эндээс анзаарч болно.

СУДЛААЧИД ХУУЛИЙН ЗӨВХӨН НЭГ ЗААЛТААР ХОРИГ ТАВЬДАГГҮЙ ХЭМЭЭВ

Ерөнхийлөгч хэдийгээр Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-д заасан эрхийнхээ дагуу хориг тавьж байгаа ч хуулийн зөвхөн нэг заалтаар хориг тавьдаггүй бөгөөд мөн нэг заалтаар тайлбарладаггүй аж. Тухайн заалтаас гадна Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зориг юу байсныг эхний ээлжинд бодох ёстойгоос гадна Үндсэн хууль хэрэгжсэн, өөрчлөгдсөн түүх ямар байсныг мөн цогцоор нь харах хэрэгтэйг сануулжээ. Ингэхийн тулд Үндсэн хууль анх ямар зохицуулалттай байсан, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт юу байсан гэдгийг бүхэлд нь харж, түүний язгуур эрх ашигт нийцүүлж байхыг байнга сануулсаар ирсэн. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Засгийн газрын гишүүдийг томилох эсэх асуудалд хутгалдан орж, хориг тавьж байгаа нь дээрх зүйлийг бүгдийг ч зөрчиж байгааг харуулсан хэрэг. Нөгөө талаар Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч бус зүгээр нэг сөрөг хүчний сул гишүүн шиг улстөржиж байгаа нь хачирхалтай. Энэ нь өдгөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр илт анзаарагдаж байна. Бүр нөгөө талаас нь харвал хувийн өс хонзон ч юм шиг нөхцөл байдлаар харагддаг. Тэгэхээр энэ тухайд дурдах нь зүйн хэрэг.

ХУВИЙН ХОНЗОН МЭТ ХАРАГДАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын холбогдох заалтад хэсэгчлэн хориг тавьсныг уншигч та санаж буй. Ерөөсөө Ерөнхийлөгчийн хоригуудын дийлэнх хувь нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт оногдож байгаа бөгөөд бүгдээрээ ард түмэнд ихэд хортой гэдгийг энд зориуд дурдах учиртай. Уг нь Ч.Хүрэлбаатар эрх баригч намын Удирдах зөвлөл, намын бүлэг, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган гээд шат дараалан хүлээн зөвшөөрөгдсөн туршлага бүхий улстөрчийг ийнхүү хориглох шалтгаан юу байв гэхээр хариулт эс олдоно. Тэгээд ч энэхүү хоригийг нь эс хүлээн авсан учраас  Ч.Хүрэлбаатар ч Сангийн сайд боллоо. Энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-гийн хараа хяналт дор ажлаа эхлүүлж байсан. Эдийн засгийн хувьд дөнгөж гурван хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулалт тийм ч сайнгүй, нийгмийн амьдралын түвшин дор орчихсон гээд нэлээд таагүй нөхцөлд бүрэлдсэн хэрэг. Ийм үед Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын хувьд анхны төсвөө УИХ-д өргөн барьсан. Гэтэл анхны оролдлого нь бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн яамнаас өргөн барьж батлуулсан 2018 оны “Төсвийн тухай хууль”-д хэсэгчилсэн хориг тавьсныг аанай л хүлээн авсангүй. Давах ч учиргүй зүйл байсан биз. Төрийн яам, мэргэжлийн баг санаачлан төлөвлөж сайн, муу хэлүүлдэг ч сонгогч бидний сонгосон 76 нөхөр хамтдаа хэлэлцсэн шийдвэрт хориг тавьж байна гэсэн үг. Үүнээс гадна төсөв нь өөрөө хугацаа заасан хууль эрх зүйн орчинтой, хуулиа зөрчвөл ард түмний төлөөлөл тарж, төсөвт асар их хохирол учрах шууд хамааралтай ийм эмзэг зүйлд хориг тавьж байгаа хэрэг. Хамгийн гол нь цаанаа ард түмний хүлээлттэй “Төсвийн тухай хууль”-д яагаад хориг тавив гэхээр бас л хариулт олдоогүй. Ингээд Ерөнхийлөгч Сангийн сайдад хориг тавиад бүдэрсэн, төсвийг нь хэсэгчлэн хориглоод бас л бүдэрсэн ч дахин 2019 оны Төсвийн хуулийг бүхэлд нь хориг тавьж “даагаа нэхэв”. Бас л дээрх шат дамжлагаар олонхи шийдсэн хуулийг “хорьж” төрийн ажил болон ард түмний амьдралыг зогсоох гээд байгаагийн цаад шалтгаан юу байв гэдгийг олохоор иргэд олон нийт эрэлд мордсон ч тодорхой хариулт олоогүй. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч мягмар гарагт Х.Баттулга зарлигдаж “Татварын тухай багц хууль”-д бүхэлд нь хориг тавихад нэгэн зүйл анзаарагдлаа. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад ямар нэгэн байдлаар хувийн зүгээс хориг тавиад байгаа нь харагдана.

Түүнээс биш өөрийн эрхийн хүрээнд үндэсний эрх ашигт нийцэхгүй зүйлд хориг тавиагүй гэдгийг дээрх хэдэн жишээнээс харж болно. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн зүгээс ард түмний талд хэлэлцэн баталсан “Татварын тухай багц хууль”-д яагаад хориг тавив. Гагцхүү бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч маань ард түмнийхээ эсрэг хориг тавьж байгаа нь хачирхалтай. УИХ-аар баталсан “Татварын тухай багц хууль”-д эдийн засгаа тэтгэх, ард түмнийхээ амьжиргааг өөд татах зохицуулалт бүхий олон зүйл заалт буйг дээр дурдсан. Гэтэл Ерөнхийлөгч маань төр, ард түмнийхээ язгуур эрх ашгийн эсрэг явж зөвхөн хувийн улс төр хийж байгааг хаа хаанаа буруутгаж байна. Хэрвээ Ч.Хүрэлбаатар хэмээх улстөрчтэй хувийн хонзогнол байдаг бол үндэстний язгуур эрх ашгийг хөндөж авна гэж байхгүй биз дээ. Үндэсний эв нэгдлийг ган бат барьж байх ёстой Ерөнхийлөгч нь нэг салбарынхаа сайдтай хувийн зүгээс хонзон өвөртөлж түүнийгээ ард түмний аж амьдралаар барьцаалан авах гэсэн зураг л харагдаж байна. Ч.Хүрэлбаатартай ямар нэгэн байдлаар хувийн хонзогнол байхыг үгүйсгэхгүй. Тийм байвал хувь улстөрчийн зүгээс л учраа олох хэрэгтэй. Өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө хууль тогтоомж, ард түмний амьдрал ахуй, төрийн ажил гээд олон зүйлийг золиослон дайрах хэрэг юун гэдгийг Ерөнхийлөгчөөс асуух цаг нь болжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүүжий(202.179.31.119) 2019 оны 05 сарын 20

Урд Е/ч нар томилгоонд хориг тавьж байгаагүй гэв үү? Багабанди Да.Ганболдыг Е/с болгоход 7 удаа хориг тавин буцааж байсаныг би лав мэдэх юм. Энэ Ууганбаяр гэдэг нөхөр захиалгаар юм бичдэг нөхөр үү үгүй юу!?

0  |  0
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top