Монголын гимнастикийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын гимнастикийн хүүхэд, багачуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Гимнастикийн холбооны төв зааланд зохион байгууллаа. Тэмцээн цэцэрлэгийн 4-5 нас, хөвгүүдийн 6-18, охидын 7-18 насны ангилалд явагдсан.
Эрэгтэй тамирчид чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, цагаригт дүүжин, харайлт, суга савлуур, турник, эмэгтэй тамирчид харайлт, савлуур, чөлөөт хөдөлгөөн, дамжуургын төрөлд хүч сорин өрсөлдсөн юм. Ирэх зургаадугаар сард манай улсад өсвөрийн болон насанд хүрэгчдийн спортын гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. УАШТ-д амжилттай оролцсон тамирчдаас Азийн өсвөрийн АШТ-д оролцох шигшээ багийг сонгон шалгаруулсан юм.
Тэмцээний үеэр ОУХМ, Гимнастикийн холбооны дасгалжуулагч Ц.Алтантөгстэй уулзан ярилцлаа.
-Өнөөдрийн тэмцээнд хэдэн баг, тамирчид оролцож байна вэ?
-Энэ жилийн спортын гимнастикийн УАШТ-д нийт 250 гаруй тамирчин оролцож байна. Их өргөн хүрээтэй болж байгаа. Монголын Хүүхдийн VI их наадам, Азийн өсвөрийн аварга шалгаруулах цомын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
-Ирэх сард манай улс спортын гимнастикийн Азийн өсвөр, насанд хүрэгчдийн хоёр том тэмцээн хүлээн авах гэж байна. Бэлтгэл ажил дууссан уу? Гимнастикийн холбооноос ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Манай гимнастикийн холбооноос урьд нь аэробик, уран сайхны гимнастикийн тивийн аваргын тэмцээнийг хүлээн авч байсан туршлагатай. Харин спортын гимнастикийн төрлөөр анх удаагаа өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулахаар эрхээ аваад ажиллаж байна.
-Спортын гимнастикаар Япон, Хятад гэсэн Азийн орнууд дэлхийд хүчирхэг. Тэмцээнд хэдэн орны тамирчин оролцох вэ? Ямар ордонд явагдах вэ?
-Буянт-Ухаа дахь шинэ спорт цогцолборт явагдана. Азийн өсвөрийн аварга шалгаруулах цомын тэмцээнд одоогийн байдлаар 7 орны баг мэдүүлгээ өгсөн. Насанд хүрэгчдийн тивийн аваргад 15 баг оролцоно. Манай шигшээ баг бүрэлдэхүүн тодорсон, бэлтгэлээ базааж байна. Америк улсад бэлтгэл сургуулиа хийдэг Ж.Тэгшмөрөн гэдэг тамирчин ирж, Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцоно. Ж.Тэгшмөрөн бол Чикаго мужийн гимнастикийн багт хичээллэдэг. Ах нь Ж.Номондалай гээд миний шавь байсан тамирчин.
-Ж.Номондалай АНУ-д мужийн аварга болж байсан. Одоо гимнастикаар хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байгаа хэвээр үү?
-Манай Ж.Номондалай Монголынхоо нэрийн өмнөөс ДАШТ, Оюутны Универсиад наадмуудад оролцож байсан. Одоо спортоо орхиод суралцахын хажуугаар дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Ц.Алтантөгс багшийн шавь гэхээр нэрийг нь дурдахгүй өнгөрч болохгүй нэг тамирчин бол өсвөрийн олимпийн аварга Г.Эрдэнэболд. Г.Эрдэнболд одоо хаана юу хийж байгаа бол гэж олон хүн сонирхож байгаа нь мэдээж.
- Г.Эрдэнэболд маань одоо Америкт сургуульд суралцаж байна. Багаасаа техникийн талын сонирхолтой хүн, тэр чиглэлээрээ сурч байгаа.
-Өнөөдрийн тэмцээнийг харахад цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ч байна. Хүүхэд хэдэн наснаасаа гимнастикаар хичээллэж эхэлвэл зохистой байдаг вэ? Хичээллэн суралцах секц, дугуйлан хангалттай байдаг уу?
-Дөрвөн наснаас дээш хүүхдүүд хичээллэж байгаа. Орхон аймаг, Дархан-Уул аймагт клубууд ажиллаж байна. Гимнастикийн холбооны төв заал ч хүүхэд багачуудыг хичээллүүлдэг. Хүүхдүүд зургаан настайгаасаа тэмцээнд оролцоод эхэлдэг. Гимнастикийн спортыг бүх спортын Цагаан толгой гэж ярьдаг. Гимнастикаар хичээллэснээр хүүхэд бие бялдрын өв тэгш хүмүүжил авдаг. Мэндлэх хүндлэх ёслолд суралцаж, зан суртахууны өндөр боловсролтой болдог. Өндөр хөгжилтэй орнуудын тамирчдын суурь бэлтгэл гимнастикаар эхэлдэг. Хуучны БНАГУ гэхэд бүх ард түмнээ гимнастикаар хичээллүүлдэг байлаа.
-Өсвөр, насанд хүрэгчдийн Азийн АШТ зохион байгуулах ажилд хандив цуглуулж байгаа мэдээ фэйсбүүкээс харлаа.
-Энэ том тэмцээнийг манай улс анх удаагаа хүлээн авах гэж байна. Манай спорт бол зардал өндөртэй спорт. Гэхдээ нэг удаа их зардал гаргачихвал цаашдаа урсгал зардал нь гайгүй байдаг. Бид улс эх орныхоо ачаанаас хөнгөлөх зорилгоор ахмад тамирчид, багш дасгалжуулагч, тамирчид дундаа хандивын аян зохион байгуулж байгаа.
-Нийт хэдэн төгрөгний зардал гарах юм бол? Үндэсний том компаниудад хандаж үзэв үү? Энэ том тэмцээнийг нэр төртэй сайхан зохион байгуулвал дараа нь том тэмцээн авахад хэрэг болох байх гэж бодох юм.
-Нийт зардал 250 сая гаруй төгрөг болох тооцоо бий. Улсаас зохих хэсгийг гаргаж өгсөн. Үлдсэнийг бид хандив тусламжаар зохион байгуулахаас өөр аргагүй болоод байгаа. Том тэмцээн тул зардал их гарна. Тиймээс ард түмэн, компаниудаас хандив хүлээн авч байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
манай луйварчдын нэг удаагийн хэрэглээний менге бна
mundag khoorhon huuhduud amjilt husie