АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр дөрвөн хоногийн төрийн айлчлал хийхээр Япон улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр Японы шинэ Эзэн хаан Нарухитотой уулзах анхны гаднын төрийн тэргүүн болох юм.
Трамп тэргүүн хатагтай Меланиагийн хамтаар Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарт даваа гарагт /2019.05.27/ бараалхах гэнэ.
Японыг зорих замдаа Трамп эрхэмсэг дээд эзэн хаан, хатан хаантай уулзахаас гадна Абэ Шинзотой худалдаа болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Ням гарагт АНУ-ын төрийн тэргүүн сүмо бөхийн башог үзэж сонирхох бөгөөд түрүүлсэн бөхөд цом гардуулах юм. Японы уламжлалт сүмо бөхийн ордон бэлтгэл ажлын хүндхэн өдрүүдийг өнгөрөөсөн тухай хэвлэлүүд бичжээ. Ёкозуна унасан тохиолдолд дэр шиддэг бөгөөд үүнээс Трампыг хэрхэн хамгаалах зэрэг аюулгүй байдлыг нь хангах асуудал дээр онцгойлон анхаарсан байна.
Сүмо бөхийн барилдаан үзэхээс өмнө Трамп, Абэ нар гольф тоглож, дараа нь Токиогийн Роппонги дүүрэг дэх ресторанд 5 184 иений үнэ бүхий үхрийн гол махан шорлог зооглох аж.
Айлчлалын албан ёсны арга хэмжээ даваа гарагт болно. Трамп, Абэ нар хоёр талын уулзалт хийж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Трамп мөн Хүйтэн дайны үед Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж, Япон дахь АНУ-ын цэргийн баазад айлчилж, АНУ-ын алба хаагчдад зориулан үг хэлснээр төрийн айлчлалаа өндөрлөх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )