АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиагийн хамтаар Их Британийн Хатан хаан II Елизаветагийн урилгаар төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2019.06.03/ Лондон хотноо хүрэлцэн ирлээ.
АНУ-ын төрийн тэргүүн Букингемийн ордонд Британийн Хатан хаан болон түүний гэр бүлийн гишүүдэд бараалхаж, Вестминстерийн сүмд очин нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө. Орой нь Хатан хаан болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хүндэтгэлийн зоог барихаар төлөвлөжээ.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр тэрбээр Тереза Мэйтэй хэлэлцээ хийж, тус улсын бизнес хүрээний төлөөлөгчидтэй уулзана. Мэйтэй хийх хэлэлцээний үеэр талууд Их Британийг Европын Холбооноос гарсны дараа байгуулахаар зэхэж буй чөлөөт худалдааны гэрээний талаар ярилцах гэнэ. Түүнчлэн Хятадын Huawei корпорацыг тойрсон асуудал, олон улсын аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Лондон хот АНУ-ын төрийн тэргүүнийг хүйтэн уур амьсгалтай угтаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэгчид Лондон хотноо олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулна гэж мэдэгдсэн бол Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин хүлээн авалтад оролцохоос татгалзаад байна.
Сэтгэгдэл ( 0 )