Д.Тогтохсүрэн: Сонгуулийн жижиг тойрогт нөлөөлөл их ордог

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсэг өнгөрсөн даваа гарагт ажлаа тайлагнасан юм. Энэ үеэр Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх хувилбарыг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн нэг тойрогт ажиллах хуулийн өөрчлөлт яригдаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Бидний олон жил ярьсан хоёрхон зүйл л байгаа юм. Нэгдүгээрт, жижиг тойрогт нөлөөлөл их орж байна. Ямар нөлөөлөл  гэдгийг нь хүн бүр мэдэж байгаа байх. Мөнгөний нөлөөллөөс эхлүүлээд л янз бүрийн нөлөөлөл орж байна. Хоёрдугаарт, жижиг тойрогт мөнгөнөөс гадна өөр нөлөөлөл орох эрсдэлтэй байдаг. Тиймээс бид ард түмэн хамгийн сайн гэж үзэж байгаа хүнээ сонгох боломж, бололцоог олгох нь зүйтэй. Энэ ч утгаараа бүхэлдээ нэг тойрог байх тогтолцоог авах нь зүйтэй гэж үзсэн юм" гэх тайлбарыг өглөө. 

Түүнчлэн "Өмнө нь энэ хувилбар 2008 онд парламентад өргөн баригдаж байсан юм билээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг өргөн барьж байсан ч тухайн үеийн парламент хэлэлцээд нөхцөл нь бүрдээгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед санал тоолоход техникийн нөхцөл нь хүнд гэж үзсэн байдаг. Одоо бол авах нөхцөл нь бүрдсэн байж магадгүй гэж үзсэн болохоор МАН оруулж ирж байгаа юм. Мэдээж сөрөг тал ч байна, эерэг тал ч байна. Одоо Засгийн газраас санал авна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн баригдах байх гэж бодож байна. Одоохондоо өргөн баригдаагүй байна шүү дээ. Өргөн баригдсаных нь дараа чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчих байх гэж бодож байна. Тэгээд намрын чуулганаар эцэслэн шийдэх байх. Тиймээс хугацаа хангалттай гэж үзэж байна. Бүх тогтолцоо өөрөө эерэг, сөрөг талтай. Ямартай ч өргөн барих нь зүйтэй. Мөнгөнөөс хамаараад байдаггүй, чадвартай чадалтай хүнийг парламентын гишүүнээр сонгодог тогтолцоо байх л гэж бодож байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top