УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээсээ асуух шийдвэрт хүрсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Бүлгийн гишүүд 100 хувийн саналаар МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух зарчмаар явуулна гэж оруулсан учраас санал авах нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин батлахдаа ард нийтээс санал авах нь зөв гэж шийдвэрлэсэн” гэсэн юм.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэнэ гэхээр хаврын чуулганыг хугацаанд нь завсарлуулахгүй гэсэн үг үү?
-Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэхийг дөрвөн хуулиар зохицуулсан байдаг. Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар зохицуулдаг. Эдгээр хуульд хугацааг ч мөн заасан байдаг. Үүнээс үзвэл хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийг хэлэлцэж амжихааргүй байна. Тиймээс ирэх аравдугаар сар хүртэл хэлэлцүүлгийг өрнүүлж таарах байх. Гэхдээ хаврын чуулганыг хугацаанд нь завсарлуулна. Дараа нь ээлжит бус чуулган зарлах чиглэлтэй байна.
-Үндсэн хуулийг хэлэлцэх үед бусад асуудлыг түдгэлзүүлдэг. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцэн батлах хугацааг хангалттай гэж тооцсон юм уу?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн пүрэв гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд баасан гарагт хэлэлцэх эсэхийг нь шийдчихнэ гэж тооцож байна. Үүнээс хойш ард түмнээс асууж санал авах 8-9 хоногийн завсарлага бий. Хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын өмнө буюу ирэх сарын 5-6 гэхэд дуусгана. Ингэнсээр чуулганыг завсарлуулаад эргээд ээлжит бусаар хуралдаж таарах болов уу. Ямар ч байсан энэ бол маш шахуу ажил.
-Үндсэн хуулийг хэлэлцэхэд шаардлагатай зардлын талаар мэдээлэл өгнө үү?
-Одоогоор зардлын асуудал яригдаагүй, хуулийн төслийг дөнгөж өргөн бариад байна. Мэдээж ард нийтийн санал асуулга явуулбал зардал гарна. Үүнтэй холбоотой асуудлыг СЕХ, УИХ-ын Тамгын газраас бэлтгэж байгаа. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.
-МАН бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэнчээн хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн бэ?
-2019-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нэлээд нарийвчлан авч үзэж байна. Засгийн газар өөрсдөө дүгнэхдээ 50.4 хувийн биелэлттэй гэж бидэнд ирүүлсэн. Бид үүнийг дахин авч үзээд нарийвчилсан. Тухайлбал, Ажлын хэсэг гаргаад ТЭЗҮ бэлэн болсон бол ажил хийсэн гэж үзээд байсан учраас бодитоор тооцохыг хүссэн. Бодитоор газар шорооных нь ажил эхэлсэн болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь бодит болж хүмүүсийн амьдралд хэрэг болж байгаа бол биелэлтээр тооцсон. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад бага хувьтай гарч байж болох юм. Өмнөх жишгээр дүгнэвэл 60 гаруй хувьтай байна. Гэхдээ газар шорооны ажил нь эхэлсэн ч иргэд тухайн зам, гүүрээр зорчиж эхлээгүй эсвэл хууль баталсан ч хэрэгжилт нь ирэх оноос гэсэн бол үр дүн тэг хувьтай гэж үзсэн. Ерөнхийдөө гурван чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна. Макро эдийн засгийн үзүүлэлт эрс сайжирсан. Ганцхан жишээ татахад, ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2018 оны жилийн эцсээр 6.9, энэ оны нэгдүгээр улиралд 8.6 хувьтай гарсан. Гадаад валютын нөөц 2016 онд 1.2 тэрбум ам.доллар байсан бол энэ оны дөрөвдүгээр сар гэхэд 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Төсвийн тэнцэл 2016 онд гурван их наяд гаруй төгрөгөөр тасалдаж байсан бол 2018 онд нэмэх, 2019 онд ч нэмэх гарахаар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 2.5 тэрбум ам.долларт хүрч огцом өссөн. Цаашлаад 2016 онд 18 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтад оруулж байсан бол энэ жил 132 цэцэрлэг, 63 сургууль ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаар нийгмийн чиглэлийн амлалтын хувь хэмжээ өндөр гарсан. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх, хүүхэд бүрийг сургууль, цэцэрлэгт хамруулах, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг” олгох, “Эрүүл шүд-эрүүд хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах зэрэг амлалтыг ажил хэрэг болгож, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байна.
-Монголын дипломатууд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдлаа. Энэ талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Маргааш болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно. Шаардлагатай бол нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа хариуцлагын асуудлыг ярина.
Сэтгэгдэл ( 1 )
сонирхолтой