Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах саналыг нэмж тусгана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр уртасгасан цагаар хуралдав. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн саналыг багцлан байр сууриа нэгтгэсэн аж. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрчлөлт оруулна гэх мэдээлэл гарлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл заалт нэг бүрээр нь ярилаа. Гишүүд хөдөө орон нутагт ажилласан. Ажлын хэсгүүд хагас, бүтэн сайн өдөр ажиллаад бүлэг дээр зарчмын зөрүүтэй саналыг оруулж ирсэн. Үндсэн хуульд оруулж буй дөрвөн бүлэг өөрчлөлтийг нэг бүрчлэн хэлэлцсэн. Сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг хасъя гэдэг дээр гишүүд санал нэгдэж байна. Мажоритар системээр сонгуулиа явуулах ёстой гэдэг байр сууриар асуудалд хандлаа. Бусад нь томьёоллын хувьд сайжруулах асуудлыг ярилаа.

-АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Танай намын бүлгээс АН-ын зөвлөлттэй зөвшилцсөн үү?

-АН-ын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа. Ерөнхийд нь байж болох хувилбар гэдгийг хэлж байгаа. Улс төрийн шалтгаан, намынх нь улс төрийн шийдвэрээр асуудалд хандаж байгаа гэж ойлгож байна. Энэ төсөл 2014 онд АН-ын Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан төсөлтэй тун ойролцоо.

-АН-ын зөвлөлөөс ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн. Ард иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийх үү?

-Манай гишүүдийн ихэнх нь Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сая тойргоороо ажиллаад мэдээлэл өгсөн. Мөн Ард нийтийн санал асуулга явуулна гэвэл дахиад хоёр сар мэдээлэл өгөх хугацаа байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн наад талын хугацаа есдүгээр сарын 20. Тэгэхээр мэдээлэл өгөх, тайлбарлах хангалттай хугацаа байгаа гэж бодож байна. Иргэдээс их олон санал ирсэн. Орон нутгийн саналуудыг өнгөрсөн баасан гарагт хуралдаж нэлээд цэгцэллээ. Тухайлбал, сумын хурлыг аймгийн хурлаас сонгохыг буруу гэсэн. Түүнийг цэгцэлсэн. Дүүргийн Засаг дарга сонгох асуудлыг мөн зохицуулалт хийсэн. Аймгийн хурлыг байхгүй болгочихлоо гэж байсныг сэргээсэн. Хотын асуудлыг сэргээж байгаа. Шүүхтэй холбоотой нэлээд олон заалтыг цэгцэлж байна.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хэзээ хийж дуусахаар төлөвлөөд байна вэ?

-Хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгах санаатай байна. Шинэ Дэгийн хууль мөрдөгдөж эхэлж байгаа. Шинэ хуулиар үг хэлэх, хариулт өгөх, асуулт асуух нь 10 минут болсон. Хугацааны хувьд нэлээд ярвигтай байгаа. Гэхдээ долоодугаар сарын 5-нд хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгавал 8, 9-нд Их хурлын чуулган хуралдах үеэр гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгээ УИХ-ын тогтоолоор шийднэ.

-Ард нийтийн санал асуулгын төсөв тодорхой болсон уу?

-Ард нийтийн санал асуулгад 15 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байна билээ. 2000 гаруй хэсгийн хороод, 15-16 мянган хүн ажиллана гэсэн тооцоо гарсан. Гэхдээ үүнийг эцэслэж яриагүй. Учир нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа зардал мөнгөний асуудлыг ярина.

-Иргэдээс ирсэн саналыг төсөлд тусгах уу?

-Үндсэн хуулийн журмын тухай хуулиар одоо өргөн баригдсан 25 заалт байгаа. Дотор нь нэг бүрчилж үзвэл 55 заалт бий. Энэ 55 заалтын хүрээнд л ярина.

-Улс төрийн намын тухай заалтад өөрчлөлт оруулж байгаа юу?

-Улс төрийн намыг харин ч хариуцлагажуулсан. Нэгд, улс төрийн нам улс орон даяар үйл ажиллагаа явуулна. Хоёрт, санхүүжилт нь ил тод, нээлттэй байна гэж оруулж өгсөн. Бусад зүйл нь органик хуулиар зохицуулаад явна.

-Байгалийн баялаг төрийн өмч байна гэснийг ард түмний өмч байна гэж өөрчлөх санал гараад байгаа?

-Төрийн өмч байна гэдэг нь 1992 оны заалт. Энэ заалт хөндөгдөөгүй. Тиймээс өргөн баригдаагүй заалтад Их хурал гар хүрч болохгүй. Харин яаж ашиглах вэ гэдгийг ярьж байна. Байнгын хороодын хурлаар тодорхой төслүүд орно.

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудалд өөрчлөлт оруулсан уу?

-Ард иргэдтэй уулзахад гишүүдийг эгүүлэн татах асуудлыг нэлээд хөндсөн. УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Цэц үзвэл УИХ эгүүлэн татна гэсэн өөрчлөлтийг оруулахаар шийдээд байна.

-АН-ын зөвлөл чуулганыг хугацаанд нь завсарлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?

-Завсарлуулах, үгүйг Их хурал өөрөө шийднэ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад завсарлуулах хэцүү. Өөрөө Дэгийн хуультай. Хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа л завсарлах уу, ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ. Үүнээс өмнө завсарлах эрх бидэнд байхгүй. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
uopi” j(103.229.121.248) 2019 оны 07 сарын 02

uj”puj?Pjio

0  |  0
Top