УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
-МАН-ын бүлгээс Ш.Эрдэнэбилэг гэдэг хүнийг Ерөнхий прокурорын орлогч эсвэл удирдах албан тушаалд томилохоор яригдаж байгаа тухай дуулдах боллоо. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүдтэй уулсан гэх мэдээлэл ч байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Бүлгийн хурал дээр ийм асуудал огт яригдаагүй. Ерөнхий прокурорын орлогчид А.Чинбат, С.Алиманцэцэг гэдэг хүмүүсийг яриад бүлгийн гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжсэн. Бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзсан гэх зүйл огт яригдаагүй.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг 60 хувь болгож бууруулсан гэх шүүмжлэл гарч байгаад хариулт өгнө үү?
-Бүлгийн хурал дээр олон гишүүн “мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авах гэж байна” гэж шүүмжлэлтэй хандсан. Яг үнэндээ хамгийн их ус хэрэглэж байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалан. Нийт усны хэрэглээний 51 хувийг эзэлж байгаа. Гэхдээ гишүүд татвар нэмэгдүүлэхгүй гэдэг үүднээс энэ заалтыг хассан. Харин уул уурхайн салбарын төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэхийг Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газарт даалгасан. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох уу?
-Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш Засгийн газар журам баталж хэрэгжүүлэх ёстой байсан. Гэвч эдийн засгийн байдлаас болоод хэрэгжих боломжгүй гэж үзсэн. Энэ өөрчлөлтөөр усыг үнэхээр их бохирдуулж байгаа бол дээд хязгаарыг нь 50 хувиар нэмэгдүүлж, доод хязгаарыг нь 50 хувиар бууруулъя гэдэг санал орж ирсэн.
-УИХ-ын дэгийн тухай хуульд энэ удаад ямар өөрчлөлт оруулахаар тусгаж байна вэ. Гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах талд ямар заалт тусгаж байгаа бол?
-Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Дэгийн тухай хуульд нэлээд олон өөрчлөлт оруулахаар байгаа. Нэгдүгээрт, УИХ дэгийн хороотой байх заалтыг оруулж байна. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах талд нэлээд заалт бий. Тухайлбал, зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлж, асуулт асууна. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчилж өгч байгаа. Учир нь сонгуулийн дараа зарим гишүүн тангараг өргөхгүй гэх асуудал гардаг байсныг хуульд тусгасан зэрэг заалтууд бий.
-Энэ долоо хоногт УИХ-аар Захиргааны ерөнхий хуулийг хэлэлцэхээр байгаа. Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг бүхэлд нь захиргааны шүүхээр хянахгүй байх асуудлын хүрээг хумьж байгаа гэсэн. Засгийн газрын ямар шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах вэ?
-Энэ хуулийг өмнө нь бүлгээр хэлэлцээд төслийг хумих санал дээр тохирсон. Үндсэндээ Засгийн газрын шийдвэр бүрийг Захиргааны шүүх хянахгүй гэж болохгүй. УИХ-аас шийдвэртэй Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх юм. Түүнээс Засгийн газрын шийдвэр бүрийг Захиргааны шүүх хянахгүй байх нь хэт өргөн ойлголт гэж үзсэн.
-УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг заалт бий. Энэ заалтыг эргэн харах боломж бий юу?
-Үүнийг одоохондоо яриагүй байгаа.
-АН бүлэггүй болж, сөрөг хүчингүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж чадахгүй гэх асуудал яригдаж байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүлэг хийхгүй. Зөвхөн УИХ хийнэ. Тэр тусмаа УИХ-ын 57 гишүүн дэмжиж байж өөрчлөлт оруулах ёстой. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн асуудлыг бүлгээр нэг удаа хэлэлцсэн. Цаашид нэлээд хэдэн удаа хэлэлцэх шаардлага бий. Ажлын хэсгүүд ажиллаж байгаа болохоор бүлэг дахиад хэлэлцэнэ. Бид боломж байвал энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьчихъя гэж бодоод байгаа.
Сөрөг хүчин бий шүү дээ. Бүлэг л болж чадаагүй болохоос биш сөрөг хүчин байгаа. Ер нь нэг нам 57-оос дээш суудалтай байж л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. Дахиж ийм нөхцөл бүрдэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Нэг удаа хөндөөд өөрчлөлт хийж чадахгүй бол дахиж найман жил гар хүрэх ёсгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн журам нь ийм. Тиймээс цаг хугацааны хувьд болсон гэж үзэж байгаа. Гэхдээ ард түмнээсээ асууна. Улстөрийн намуудын саналыг авна. Төрийн бус байгууллагуудын саналыг ч авна. Эхнээсээ санал аваад явж байгаа.
-Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Ерөнхий аудиторыг шийдэхгүй бол аудитын тайлангууд батлагдах боломжгүй болж байгаа. Мөн сайд нарын зарцуулалтад ерөнхий аудитын захирамжаар хяналт хийх ёстой. Гэтэл ерөнхий аудиторгүй дөрвөн сар болчихлоо. Ерөнхий аудиторын асуудлыг бүлэг дээр ярьж байгаа юу?
-Ерөнхий аудиторыг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гэж үзээд түдгэлзүүлсэн. УИХ өнгөрөгч нэгдүгээр сард түдгэлзүүлэхдээ үүрэг гүйцэтгэгч томилоогүй юм билээ. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо авч хэлэлцээд холбогдох газруудад бичиг явуулсан байгаа. Гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон эсэх, шалгалт үргэлжлэх эсэх, чөлөөлөх шаардлагатай эсэх талаар асуулга тавьсан. Ойрын үед хариу ирэх байх. УИХ энэ асуудлыг ойрын үед шийднэ. Эсвэл өөрийг нь томилох, эсвэл чөлөөлж хүн томилох, эсвэл үүрэг гүйцэтгэгч томилох асуудлыг шийдэх учиртай. Тэгэхгүй бол Ерөнхий аудитороос болж асуудал гарж байгаа зүйл бий.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрүүд гаргасан. Эдийн засгийн ач холбогдлоороо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа дуусгах нь зөв гэх шүүмжлэл гарч байна. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 400 км зам ямар ач холбогдолтой зам бэ?
-Энэ талаар бүлгийн гишүүд мэдээл багатай байна. Ирэх долоо хоногт ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн мэдээллийг бүлэг дээр сонсохоор тогтсон.
-Хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ үүсгээд байгаа Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар оруулах вэ?
-Оюутолгойн гэрээг хянах ажлын хэсгийн ажил шувтрах шатандаа орж байгаа юм билээ. УИХ-д өргөн баригдахаар нь бүлэг албан ёсоор хэлэлцэнэ.
-Элчин сайдуудын асуудлыг хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?
-18 улсын Элчин сайд болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний асуудал яригдаж байгаа. Олон улс орон байгаа учраас процедур удаан явагддаг. Засгийн газар бодлогоо тодорхойлоод Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Тохиролцоод Засгийн газар УИХ-д өргөн барьдаг. ГХ-ны сайд Д.Цогтбаатарын мэдээллээр ирэх долоо хоногт Засгийн газар хэлэлцээд өргөн барина гэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын бэлтгэл ажил хангаад ГХ-ны сайд томилолттой явж байгаа. Тиймээс Элчин сайд нарын асуудал ирэх долоо хоногоос орох байх.
-Ц.Нямдорж сайдын дүү Элчин сайд болох гэж байгаа гэсэн нь үнэн үү?
-Ц.Нямдорж сайдын дүү байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ямар хүмүүс байгаа талаар ч бид мэдээлэлгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )