Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ШИНЭ нам МАНАН мафийн эсрэг сөрөг хүчин болж ажиллах бодлоготойгоор үйл ажиллагаа явуулна. МАНАН дэглэмийн эсрэг монгол түмэн Сүхбаатарын талбай дээр жагсахдаа үндэсний шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтыг шаардсан. МАНАН мафийн эсрэг заалт Үндсэн хуульд хэрхэн тусгагдсан бэ. Газрын хэвлийн баялгийн шударга хуваарилалтыг хэрхэн хийх вэ” хэмээн асуув.
Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг зарчмыг баримталж хийсэн төсөл. Бүх шатанд хариуцлагыг нэмэгдүүлж байгаа. УИХ хариуцлагатай болж байгаа. Хуулийг батлахдаа нийт гишүүний олонхоор батална. Ерөнхий сайдыг нийт гишүүдийн олонхоор томилж, огцруулна. Ерөнхий сайд танхимынхаа сайдын ажлын сайн мууг өөрөө хариуцна. Гүйцэтгэх засаглал нь эрх мэдэлтэй ажиллаж, хариуцлагыг нь үүрүүлнэ. Шүүгчдийг гаргаж ирж байгаа механизмыг боловсронгуй болгоно” хэмээн хариулав.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн Норвегийн Үндсэн хуульд байдаг заалтаас санаа авч газрын баялгаа ашиглан улс орон хөгжих зарчмыг оруулсан. Шүүх засаглал шударга ажиллахын тулд хараат бус байх ёстой. Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг хянаж ажиллана. Ингэснээр шударга ёс тогтох чиглэлээр нийгмийн төлөвшил бий болно” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )