Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
• Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг лабораторт шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан. Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас 39 ширхэг тарилгын уусмал, нүдний линз импортолсон. Иймд дээрх бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хурааж, устгалд оруулсан.
• Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса 2 нэрийн шар айраг стандартыг хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг шар айргийг устгалд орууллаа.
• Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан. “Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлогыг улсын төсөвт орууллаа.
• “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Цагдаагийн газарт албан тоот хүргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )