Монголын төр аливаа хувь хүн гэлтгүй аж ахуйн нэгжийн хэдэн гэмийг өршөөдөг вэ? Эрхэмд уншигч та магадгүй юугаа асуугаад байгаа юм бэ гэж бодож байгаа байх. Хувь хүн 30 илүү удаа гэм үйлдвэл төр төмөр нүүрээ харуулах уу? Аж ахуйн нэгж төрийн дээр сандайлан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрмийг зөрчиж байгаа хэр нь ээ огт тоохгүй байж болох уу? Дээрээ эзэнтэй дэргэдээ хуультай гэж явсан Монгол Улсад эрүүл нийгэм учрыг нь үл олох дээрх асуултад одоохондоо бүдрэх нь. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянтэс” уурхай Монгол Улсад хэрэгжиж буй хууль, журмын 31 зүйл заалтыг зөрччихөөд байна. Магадгүй та таасан бол алдарт “Сауд гоби коэл транс” компани хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь аж.
Цаг хугацааны хүрдийг дөрвөн сарын өмнөх рүү буцаая. 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр “Баянтэс” уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанид төлөвлөгөөт хяналт шалгалт оруулжээ. Та бүхэн төлөвлөгөөт гэдэг үгийг ихэд анхаарах хэрэгтэй. Хэн нэгэн төрийн албан тушаалтан, төрийн бус байгууллагын шахалт шаардлагагүйгээр хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт гэдэг нь тухайн байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хийж буй шалгалт гэж ойлгох учиртай. Дээрх хяналт шалгалтаар тус компани геологи уул уурхай, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, авто тээвэр болон авто замын хяналтын чиглэлээр холбогдох хууль, журам, стандарт шаардлагыг зөрчсөн 31 төрийн зөрчил илрүүлж, үүнийг нь баримтаар нотолсон байдаг. Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/105 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага хүргүүлж, зургаадугаар сарын 20-ний дотор хариу ирүүлэх хугацаат үүрэг өгсөн юм. Та бүхэн санаж байгаа бол манай сурвалжлах баг зургаадугаар сард Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших “Баянтэс”-ийн уурхайтай танилцахад албан шаардлагын хариуг ирүүлээгүй гэж муухай царайлж байлаа. Энэ бол хоёр жилийн өмнөх бус хоёрхон сарын өмнө болж байсан үйл явдал.
Улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан зөрчлүүдийн хэмжээ А4-ийн цаасаар найман хуудас болсон байдаг. Найман хуудсаар хэмжигдэх 31 төрлийн зөрчлүүдээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанийн зайлшгүй биелүүлэх ёстой уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан гэх ноцтой зөрчлийг та бүхэнд хүргэе. Уулын ажлын батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. 31.1 дэх хэсэгт “Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана” гэж заасныг, 32.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын ордод хийвэл зохиох гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдрийн ажлыг бүрэн гүйцэтгэх, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх” гэж заасныг тус бүр зөрчсөн гэсэн үг. Ил тод, хариуцлагатай уул уурхай гэж ярьж ирсэн сүүлийн 10 гаруй жилийн зорилгыг зөвхөн энэ зөрчлийг л харахад төрийн дээр зайдалсан гэдгийг харж болохоор байна. Үүнийг шалгалтын дараа гүйцэтгэсэн байсан ч аль хэдий нь хөрс хуулалтаа эхлүүлсэн энэ компанийн үйл ажиллагааг зогсоох бүрэн үндэслэл юм. Энэ мэт 31 төрлийн зөрчил илэрсэн гэдгийг уншигч та мартаж эс болно.
Хуулийн хийдэл үүсгэн говь нутгийн экосистемийн нэг хэсгийг нүднийхээ өмнө сүйтгүүлж байгаа нь засаж болох алдаа юу? Мэдсээр байж хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл үү. Чухамдаа аль нь ч байсан нутгийн зон олон, хариуцлагатай уул уурхайн төлөө зүрх нь цохилдог хүн бүр Тост, Тосон бумбад төрийн хяналт тогтож, хууль тэгш үйлчлэхийг амьсгаа даран хүлээж суугаа.
Төрийн хяналтыг тогтоож хяналт тавих үүрэгтэй Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар дөрвөн сарын өмнөх байр сууриасаа ухраад долоо ч хоноогүй байна. Энэ сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичигт “Тус компани нь албан шаардлагын хариуг хугацаанд 88 хувьтай биелснээр хариу ирүүлсэн болов аймгийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчид биелэлтийг шалгаж 67.6 хувьтай биелсэн байна” гэж дүгнэснээ албан бичигтээ хавсаргажээ.
Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайн үйл ажиллагааг зогсоохоор тэмцэж буй “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоох тухай албан шаардлагын хариуд дээрх “албан бичгийг” өгсөн нь энэ. Мөн дээрх албан бичгийн хамгийн ноцтой мэдэгдэл нь “Дээрх компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд Засгийн газарт дахин асуулга тавьсан, аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газруудыг оролцуулсан ажлын хэсэг томилогдон хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 5.4 дэх хэсэгт заасан “Хяналтын шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” заалтын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж буй ажлын хэсгүүдийн хамтарсан дүгнэлтийг урьдчилан гаргах боломжгүй тул ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гарсны дараа албан шаардлагын хариуг танай байгууллагад албан ёсоор мэдэгдэх болно” гэж бичжээ. Та бүхэн төлөвлөгөөт хяналт шалгалт байсныг санахад илүүдэхгүй. Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гарсан зөрчлийг хэрхэн биелүүлсэн талаар олон нийтэд мэдээлэх нь түр хугацаанд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй огт холбоо байхгүй. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, түүний батлах замаар хийж буй шалгалт ч биш гэдгийг санах хэрэгтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалт байсан нь түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийгээгүй гэдгийн маш том нотолгоо юм.
Хуулийн зүйл заалтаа буруу ойлгох энэ мэт алдаа дутагдал хэдий болтол гарсаар байх вэ? Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар энэ ойлгомжгүй байдлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр 1-2004 тоот албан шаардлагыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. Гол агуулгыг сийрүүлбэл “...Улсын байцаагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/105 дугаар албан шаардлагаар тогтоогдсон, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, албан шаардлагыг биелүүлээгүй нь газар дээрээ тодорхой харагдаж байна. Байгаль орчныг хамгаалах хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч албан шаардлага өгсөн боловч уг зөрчлийг арилгаагүй “Сауд гоби коэл транс” ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг зогсоохыг шаардаж буй тул холбогдох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна” гэжээ.
Хуулийн хийдэл үүсгэн говь нутгийн экосистемийн нэг хэсгийг нүднийхээ өмнө сүйтгүүлж байгаа нь засаж болох алдаа юу? Мэдсээр байж хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл үү. Чухамдаа аль нь ч байсан нутгийн зон олон, хариуцлагатай уул уурхайн төлөө зүрх нь цохилдог хүн бүр Тост, Тосон бумбад төрийн хяналт тогтож, хууль тэгш үйлчлэхийг амьсгаа даран хүлээж суугаа. Төрийн хяналт тогтоно гэдэгт ч итгэж байсан. Итгэж ч байгаа. Итгэл хэзээд цөхрөхгүй гэдгийг Тостын нурууны төлөө амьдарсаар яваад учир битүүлгээр бурхны оронд заларсан ирвэс хамгаалагч биологич Д.Лхагвасүмбэрэлийн замнал бэлхнээ харуулна...
Сэтгэгдэл ( 0 )