О.Уранцэцэг: Монголчуудаа монгол дээлээр гоёх, монгол өв соёлоо дээлэнд нь шингээж ойлгуулахыг зорьдог

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

“Эртний Монгол хийц” урлангийн захирал О.Уранцэцэгийг “Зиндаа” сэтгүүлийн VIII дугаарын “Загвар” буланд онцолсныг уншигч танд өргөн барьж байна.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны ажил, амьдрал чухам яагаад монгол үндэсний хувцастай холбогдох болсон юм бэ?

-Монгол өв соёл, монгол ахуй, монгол хүн гэж ямар байх ёстой юм, өв соёл маань юуг илэрхийлэхийг зорьдог юм гэдгийг би ухаан орсон цагаасаа л сонирхсон. Арван жилийн сургуулиа төгсөөд Худалдаа аж үйлдвэрлэлийн сургуульд нягтлан бодогчийн мэргэжил эзэмшиж, хувийн бизнес эрхлээд явж үзсэн. Гэвч багаасаа үндэсний хувцсаа өмсөх дуртай байсан болохоор ч тэр үү, нэг сайхан дээл хийгээд өмсөх юмсан гэх мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд эхний алхамаа хийж, оёдол, загвар, үндэсний хувцастай ажил амьдралаа холбосон доо. Хүн дуртай зүйл рүүгээ илүү их тэмүүлдэг болохоор цаг заваа зориулж, сэтгэл гарган ажилласны хүчинд үндэснийхээ хувцсыг ард түмэндээ урлаж өгөөд нэлээд хэдэн жилийг ардаа орхисон байна.

Монголчуудыгаа монгол дээл хувцсандаа дуртай болгоход өөрийн хувь нэмрийг оруулж, тодорхой хэмжээгээр түүхээ бичилцэж байгаа гэж боддог.

-Таны багын мөрөөдөл амьдралыг тань тэр чигээр нь өөрчилжээ. Мөрөөдлөө биелүүлээд явж байхдаа өөртөө ямар зорилт тавьж байсан бэ?

-Анх манайхыг дээл урлаж эхлэхэд хүмүүс цагаан сар, наадмаар л нэр хичээж өмсөх ёстой юм шиг хандлагатай байсан. Үүнээс үүдээс хүмүүст монгол дээлээ өдөр тутамд өмсдөг болгоно гэсэн том зорилгыг өөртөө тавьж байлаа. Үндэсний хувцсаа хийгээд, монгол ахуйгаа сонирхоод, ард түмэнтэйгээ харьцаад, юунд зориод яваагаа хүмүүст түлхүү ойлгуулж, дурлуулах талаас нь судалгаа хийж эхэлсэн. Эсгүүрээ хийхээс эхлээд  монголчуудаа үндэсний хувцсанд нь яаж дуртай болгох вэ, яавал үндэсний хувцсаа эдлүүлж, хэрэглүүлдэг болгох вэ гэдгийг эрчимтэйгээр судалсан. Ямар хэв маяг, материал, загвараар урлах вэ гэж цаг үргэлж бодож, нэг гэлтгүй дээл хийхдээ маш их сэтгэлээ шингээн урлах болсон. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд гоё орчин бүрдүүлэх ёстой юм байна, ажлын байраа хүний анхаарал татахуйц гоё байлгаж, орж ирж байгаа хүмүүст монгол ахуй гэдэг чинь ийм гоё юм уу, монгол дээлээ өмсье, өмсөөд зогсохгүй монгол өв соёлоо судалъя гэсэн сэтгэгдлийг хүмүүст төрүүлэхийг хичээсэн.

-Анхны үйлчлүүлэгч тань хэн байсан бэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан манай анхны байнгын үйлчлүүлэгч болж байлаа. Өөрөө эсгүүрээ хийгээд, өөрөө загвараа гаргаад, дээлээ оёод тэр хүнд яг өөрийн гараар өмсгөж байсан. Гишүүнд дээл таалагдсан бололтой. За Урнаа, дараагийн дээлний захиалгаа би шууд өгье гээд намайг эргэж буцахын аргагүй болтол урамшуулж, үгээрээ цэнэглэж өгсөн л дөө. Яг өнөөдрийн өнцгөөс харахад монголчууд маань дээл хувцсаа дурлаж өмсдөг болсон байна. Тодорхой цаг хугацааны дараа үр дүнгээ өгч байна гэж харж байгаа.

-Анхны гэсэн бүх зүйлээ өөрөө л амжуулдаг байсан байх. Харин одоо “Эртний монгол хийц” урлан маань хэдэн ажилтантай болж өргөжсөн бэ?

-Мэдээж өөрөө л урлана. Одоо бол оёдолчин, эсгүүрчин гээд нас залуу арваад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай үйлчлүүлэгчид бага зэрэг гайхдаг л даа. Өө, настай хүмүүс энэ дээлийг оёод байдаг юм байх гэсэн чинь ийм жаахан хүүхдүүд оёдог юм уу гээд л. Ерөнхийдөө бүх загвараа өөрөө гаргаад, эсгүүрээ хийгээд, охидуудаараа дээлээ гүйцэтгүүлдэг. Би ганцаараа байсан бол энэ бүх ажлыг амжуулж чадахгүй л дээ. Хүний тоо нь олон юм шиг хэрнээ яг нэг хүн шиг сэтгэл зүрх нь нийлж ажилладаг болохоор хамт олондоо би их хайртай байдаг юм.

-Үндэсний дээл урлахад олон зүйл шаардагддаг байх. Тэр дундаа материалын сонголт дээр урлаачид их анхаардаг юм шиг санагддаг л даа?

-Тийм шүү, материалын сонголт маш чухал. Дээл хувцас нь загвар хийц сайтай, чанартай байх ёстой. Дээрээс нь дээлийг төгс болгож байгаа зүйл нь материалын сонголт. Би материал, загвар хоёртоо түлхүү анхаарал хандуулдаг. Хүний биед өмсөхөд өмсгөлтэй, их гоё сууж өгсөн байх ёстой. Түүнээс биш энэ тэндээс нь хатгаад, холгоод, нэг бол дараад, дарамт учруулаад байх ёсгүй. Мөн оёдол, хийц нь маш сайн чанартай байх ёстой. Монгол дээл бол хэдэн мянган жилийг дамнаад, өвөг дээдсээс маань бидэнд ирсэн өв соёл. Дахиад бид хэдэн зуун жилийг дамнуулаад, үр хойчдоо үлдээх ёстой юм энэ дотор чинь явж байгаа. Тийм учраас маш сайн материалаар хийх ёстой.

Бидний үр хойчис олон зуун жилийн дараа өвөг дээдэс маань юу эдэлж хэрэглэж, ямар хийцтэй, ямар загвартай дээл өмсөж байсан юм бэ гэхээр Эртний монгол хийцийн загварын дээл, хийц гараад ирэх ёстой гэж хийдэг.

НООС, НООЛУУРАН ДЭЭЛ НАТУРАЛ, ДУЛААХАН, МАШ ГОЁ...

-Ямар улсын материал илүү чанартайд тооцогдон үнэлэгдэж байна вэ?

-Хүмүүс энэтхэг торго муу, япон торго сайн, итали давуу чанартай ч гэдэг юм уу харьцуулалт хийгээд байдаг. Би бол харьцуулалт хийдэггүй. Материалаа зөв сонгож чадвал зөвхөн тэр улсынх л чанартай гэх нь учир дутагдалтай. Хамгийн гол нь маш сайн, чанартайг нь сонгож чаддаг байх ёстой. Сүүлийн үед би дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноос, ноолууран материалаар дээл хийж байгаа. Манай дотоодын материалууд натурал, гоё, дулаахан гээд давуу тал их бий.

-Дээлний шинэ загвар гаргах санаа ямар үед төрдөг вэ?

-Шинэ загварын дээл хийх санаа байнга төрдөг. Тийм болохоор санаа төрсөн үедээ яг тэрийгээ барьж авах нь чухал. Шинэ санаагаа бүтээл болгож чадаж байвал бас их гоё завшаантай байдаг. Яагаад гэвэл шинэ санаа тэрхэн агшинд төрөөд л өнгөрдөг болохоор, санаагаа алдахгүйгээр дээлээ урлахыг хичээдэг. Эгч нь чамайг магтмаар байна. Би өнгөрсөн цаг хугацаанд дээл хувцас хийгээд, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан ч чам шиг ингэж асууж байсан хүн байхгүй. Бүгд л энэ санааг та хаанаас олсон бэ, бараг л нэг газраас олчихоод нуугаад хэлэхгүй байна гэдэг ч юм уу /инээв/. Би хайгаад л ямар нэгэн Fashion TV үзээд, гадаадын загвараас хараад ч юм уу монгол дээлийг ингээд хийчихвэл гоё юм байна гэж хайж олох дуртай биш. Гэтэл хүн надаас ингэж асуухад сонин сэтгэгдэл төрөөд, тухайн үедээ тайлбарлаад хэлчихдэг юм. Гэхдээ чам шиг гоёор “төрдөг” юм аа гэдэг санааг бас хэлж чадаагүй л байсан байхгүй юу. Тэгвэл шинэ дээл урлахыг хүүхэд төрөхтэй адилтгаж болох нь ээ? Нээрэн л чиний хэлдгээр, хүүхэд төрж байгаатай адилтгаж болно.

-Шинэ дээлээ урлаж дууссан үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Зарим үед зүүдэндээ дээлээ бүтээчихдэг ш дээ /инээв/. Үгээр хэлье гэхэд илэрхийлэх аргагүй тийм сайхан мэдрэмжийг би дээл урлахдаа мэдэрдэг. Нэг дээл хэдий хэр хугацаанд бүтдэг вэ? Дээлний онцлогоос шалтгаалаад бүтээгддэг хугацаа нь янз янз байдаг. Бараг жил оёсон дээл ч байдаг. Оёх оёхдоо хэн нэгэн хүнд зориулж биш, ёстой л түүхийн дурсгал болоод, бидний өв болоод үлдээсэй гэдэг утгаараа оёсон. Бүтэн дээлэн дээр зүү ороосон болохоор жилийн хугацаанд бүтсэн. Мөн 2, 3 хоногт, бүтэн сар оёсон дээл ч байгаа. Дээлний хийц, загвараас шалтгаална л даа.

-Түүхийн дурсгал болгож оёсон дээлнийхээ тухай тодруулбал?

-Хамгийн удаан хугацаанд оёсон дээл маань одоо Японы Осакагийн олон улсын хувцасны түүхийн музейд Монгол Улсыг төлөөлөөд эрэгтэй, эмэгтэй дээл иж бүрнээрээ тавигдсан байгаа. Япон улсад манай улсыг төлөөлөн Манжийн үеийн дээл байдаг байсан юм билээ. Япончууд өөрсдөө судалгаа хийгээд Монголчууд дээлэндээ хувьсал хийсэн байна, шинэ загвар хийцтэй болсон байна гэдгийг судлаад, музейд байгаа Монгол Улсын дээлийг солих шаардлагатай гэж үзсэн гэдэг. Энэ үүднээс одоогоос таван жилийн өмнө манай урлан дээр тусгай төлөөлөгч ирж ярилцлага авахад нь С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын өмссөн Монгол дээлийг би санал болгож, цаашлаад гутал, малгай, бүсийг иж бүрэн болгож урлаад, тэр бүтээл маань музейд тавигдсан. Үндэсний хувцсанд бидний маш их соёл шингэсэн байдаг.

Монголчууд гэж ер нь хэн юм бэ гэдгийг гадаад үзэмжнээс нь хараад тодорхойлдог, мөн ёс заншлыг нь харж болдог учраас үндэсний хувцсандаа маш их ач холбогдол өгч, анхаарал хандуулах ёстой л доо.

-Гадаад, дотоодын уралдаан тэмцээнээс ямар шагналууд авч байсан бэ?

-“Гоёл” наадамд гурван жил дараалан оролцсон. “Гоёл-2016” Шилдэг залуу дизайнер, “Гоёл- 2017” наадамд Гран-При, “Гоёл-2018” наадамд Үндэсний хувцасны шилдэг загвараар тус тус шалгарсан. ОХУ-аас зохион байгуулдаг өндөр зэрэглэлийн “ЭТНО-ЭРАТО” загварын тэмцээнд хоёр удаа оролцож 2017 оны “Шилдэг дорнын хувцас” номинацид Гранпри авсан. Өмнө нь 2015 онд мөн энэ уралдаанд оролцож “Үндэсний уламжлалыг шингээсэн Орчин үеийн хувцасны загвар” төрөлд мөн л Гранпри авч байлаа. Солонгост 40-өөд орны загвар зохион бүтээгчдийн наадамд оролцож хүрэл медаль хүртсэн. Гадаадын загварын тайзан дээр Монгол дээл гарахаар хүмүүс маш сонин содноор хүлээж авдаг. Тэгэхээр бид өөрийн өв соёлдоо эзэн байх ёстой. Маш сайн эдэлж хэрэглэж, хэн ч байлаа гэсэн үр хойчдоо өвлүүлж үлдээх ёстой шүү гэдгийг танай сэтгүүлээр дамжуулан уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Ярилцсан Д.Атарцэцэг

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №01 (08/508) дугаарт нийтлэгдэв.

-

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top