Ц.Даваасүрэн гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ДЭМЖСЭНГҮЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. (2019.06.18)

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил түүхэн, хариуцлагатай ажил. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үед явуулах санал хураалтыг гар өргөж, илээр явуулах горимын санал гаргаж байна. Санал хураалтыг цахим төхөөрөмжөөр эсвэл гар өргөж, санал хураана гэж заасан. Цахим төхөөрөмжөөр санал хураахад гишүүдийн санал уншигдахгүй байх гомдол гардаг. Ийм эрсдэл гаргахгүй байх үүднээс ил гар өргөж, санал хураах горимын санал гаргаж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гар өргөн санал хураавал эсрэг санал өгсөн гишүүд нь харагдахаа больчихно. Олон нийт хараг л дээ. Эсвэл эсрэг санал өгсөн хүмүүсийн нэрсийг дурд. Бид хувь хүнээ төлөөлж энд суугаагүй. Ард түмэн харах хэрэгтэй” гэсэн горимын санал гаргав.

Ийнхүү УИХ-ын гишүүдийн 85.5 хувь нь гар өргөж санал хураалт явуулахыг дэмжсэнээр гар өргөж, санал хураахаар боллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар санал хураах системд программын тест хийлгэх үүднээс тагнуул болон холбогдох байгууллагад хандаад байгаагаа илэрхийлж байсан юм.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 61 нь дэмжиж, нэг гишүүн буюу Ц.Даваасүрэн гишүүн дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүдийн 98.4 хувь буюу 2/3-оос дээш хувь нь төслийг дэмжсэн тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top