Уул уурхайн “Рио Тинто” компанийн хувьцаа Австралийн хөрөнгийн бирж дээр таван хувиар унасан байна. Тус компани бүтэн жилийн төмрийн хүдрийн олборлолтын төлөвөө буурна гэж мэдэгдсэний дараа ийнхүү хувьцааны ханш нь унажээ. Түүнчлэн арилжсан хувьцааны тоо нь сүүлийн 20 өдрийн дунджаас хоёр дахин бага байна. Одоогийн байдлаар Рио Тинто компанийн нэгж хувьцааны ханш 100.5 австрали доллароор хэмжигдэж байгаа юм. Рио Тинто компанийн тухайд 2017 оны хоёрдугаар сараас хойш ажиглагдаагүй нэг өдрийн огцом уналт аж.
Тус компани Австралийн “Пилбара” уурхайн төмрийн хүдрийн бүтэн жилийн гарц 320-330 сая тонн байхаар тооцоолж байна. Он гарснаас хойш “Пилбара” уурхай оршдог бүс нутагт үер буусан нь үйл ажиллагааг нь хэсэг тасалдуулахад хүргэсэн юм. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн ханш хэлбэлзэлтэй байсан нь “Пилбара” уурхайн орлогод нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид ханшийн уналт удаан үргэлжлэхгүй долоо хоногийн сүүлээр эргээд өснө гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )