Европыг эрх чөлөөний тив гэж та бодож байвал том эндүүрэл гэдэг энэ эмээгийн түүхээс тодорхой болно. Английн Манчестер хотын 81 настай эмээ Кей Крэйн гэртээ усны хувцастай байх эрхээ хасуулаад байгаа юм.
Хотын шүүхээс түүнийг гэртээ хүссэнээрээ биш олон нийтийн ёс жаягт тохируулж хувцаслахыг шаардсан байна. Учир нь хөрш айлын хүүхдийн өрөөний цонхоор хагас нүцгэн эмээгийн дүрс харагдаад байгаа гэнэ. Кей Крэйн гадуур биш гэртээ, хашаан дотроо усны хувцастай байгаа нь ч шүүхэд хамаагүй байв. Шүүхийн бичигт “Орчин тойрны хүмүүст түгшүүр, аймшиг төрүүлсэн” гэж бичсэн байлаа.
Кей эмээ шүүхийн шийдвэрт захирагдсан гэж та бодож байвал эндүүрэл. Сэтгүүлч дуудаад учир явдлыг тайлбарласан.
“Яагаад би өөрийнхөө гэр, хашаан дотроо дуртай хувцсаа өмсөж болохгүй гэж. Үргэлж биш халуун үед л усны хувцастай байдаг. Хүүхдүүд надаас айсан гэж би бодохгүй байна. Наран шарлагын газарт очсон хүүхдүүд айгаад байдаг хэрэг үү”
Кей Крэйн залуудаа усны хувцасны модель байсан хүн. Тэр гол асуудал усны хувцсанд биш байшингийнх нь дэргэд барих гэж байгаа машины зогсоолтой холбоотой гэж үзэж байна.
Харин шүүхээс “Усны хувцас өмсөх нь хууль зөрчсөн хэрэг биш ч Кей хүүхдүүдийн тоглож байгааг хараад зогсож байдаг нь түгшүүр төрүүлсэн” гэж тайлбарлажээ.
Гэвч Кей Крэйн бууж өгөхийг хүсэхгүй, эрх чөлөөнийхөө төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж зарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )