Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

2019 оны 06 сарын 27

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвий зарлагын хяналтын дэд хорооноос /2019.06.26/ Төрийн ордонд “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төсвийн тухай, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо, түүний хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилготой тус арга хэмжээнд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нар, Аймаг, нийслэлийн Төрийн аудитын газрын дарга нар болон эрдэмтэн , судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төсвийн зөв зарцуулалтад шилжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Тэрбээр мөн Төсвийн тухай хууль тогтоомжийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Төсвийн зарлага болон төсвийн гүйцэтгэлд тавих хяналт шалгалтын чиглэлээр УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх илтгэлдээ төсвийн зарлагын төлөвлөлтийг хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхүйц байдлаар тооцож, төлөвлөх, үр дүнгүй хөтөлбөр, арга хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахгүй байх, төсвийн хөрөнгөөр барьсан, байгуулсан дэд бүтцийн барилга байгууламжийн урт хугацааны ашиглалт, арчилгааны стандарт, хяналтыг сайжруулах замаар үр ашиггүй нэмэлт зардал гаргахаас зайлсхийхэд онцгой анхаарах асуудлыг онцлов.

Мөн салбарын яам, газар, орон нутгийн холбогдох албадын дарга нар тус тусын тулгамдаж буй асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нээлттэй санал бодлоо илэрхийлсэн бөгөөд төгсгөлд нь зөвлөмж гаргалаа.

Уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр дор бүрнээ анхаарах захиас даалгаврыг хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top