Венесуэлийн эрх баригчид төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон гэж мэдээлэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Венесуэлийн эрх баригчид энэ сарын 23-24-ны өдөр хийхээр төлөвлөж байсан төрийн эргэлтийг болон тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлогыг урьдчилан сэргийлж чадсан гэж мэдэгдэв.

Венесуэлийн харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригесийн хэлснээр, хуйвалдагчид зэвсгийн агуулах болон Каракас хотын цэргийн нисэх онгоцны буудлыг эзлэн авсны дараа 2009 онд авлигын хэргээр ял авч, хоригдож буй батлан хамгаалахын сайд асан Раул Бадуэлийг суллан, Венесуэлийн ерөнхийлөгчөөр өргөмжлөхөөр төлөвлөж байжээ. Хуйвалдаанд хэд хэдэн цэргийн албан тушаалтнууд оролцсон гэнэ.

Түүнчлэн, хуйвалдагчид өндөр албан тушаалтнуудыг хөнөөхийн тулд АНУ, Израил болон Колумбын хөлсний алуурчдыг ашиглахаар төлөвлөж байсныг нотлох баримт Венесуэлийн эрх баригчдад бий хэмээн Родригес мэдэгдсэн байна.

Харилцаа холбооны сайдын мэдээлснээр, төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсныг нотлох 56 цагийн дүрс бичлэг болон хуйвалдаанд оролцогчдын хэлэлцээний бичлэг бий гэнэ. Хуйвалдаанд оролцогчдыг бүгдийг нь баривчилсан бөгөөд зарим нь мэдүүлэг өгөөд байгаа аж. Венесуэлийн ерөнхийлөгчөөр өөрийгөө өргөмжлөөд буй Хуан Гуаидо төрийн эргэлт болон Николас Мадурогийн амь насанд халдах төлөвлөгөөг мэдэж байсан гэж хуйвалдагчдын нэг нь мэдүүлжээ.

Хуйвалдагчдад Чили болон Колумбын эрх баригчид тусалж байснаас гадна АНУ мөн дэмжлэг үзүүлсэн гэж Родригес мэдэгджээ.

Одоогоор АНУ, Чили, Колумбын тал энэ мэдэгдэлд хариу өгөөгүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ф(119.40.98.162) 2019 оны 06 сарын 27

улсаа сүйлрүүлж дампууруулчихаад өөр хийх ажил байхгүй жүжиг тавьсаар л үзэгчид нь бүгд гадаадад дүрвээд гарчихаар үзэгчгүй жүжгээр яадаг ч юм байсан. баялаг дээр нь орос хятад 2 орж сорох гээд шүлс нь гоожоод бүхэл бүтэн том улс баялагаасаа болж яаж сүйрдэг попууд хэрхэн ажилдагын сонгодог жишээ. манайд энийг мөрөөдөгсөд төрхиа фэйрийдүүлэгч улам л олширсоор

0  |  0
Top