Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б.аттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өчигдөр /2019.07.17/ УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдөр /2019.07.17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа Засгийн газрын тэргүүн УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан. Ажлын дэд хэсэг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой хэмээн үзлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. Ажлын дэд хэсгийн гишүүд төрийн бодлого тодорхойлох УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасныг ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцээд УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. Мөн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар ажлын дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналтай байлаа.
Сэтгэгдэл ( 0 )