УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.07.18/ хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагаас хуралдаж, дээрх тогтоолын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )