Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нд үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.07.18/ хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж, 2019.06.06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийг хоёр дахь шатанд УИХ-ын гишүүд, байнгын хороод, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна. Энэ хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д өргөн мэдүүлж, энэ талаарх үндэслэл, тайлбараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлсэн. Иймээс үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан" хэмээн гишүүдэд танилцуулсан юм.  

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.07.16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019.08.05-ны өдрийг хүртэл тогтоохоор тусгажээ. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн мэдүүлсэн учраас уг төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацаа тогтоохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн гишүүдийн ихэнх нь УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019.08.05-ны өдрийг хүртэл тогтоохоор тогтоолын төсөлд тусгасан нь давчуу байгаа тул хугацааг арай тавиу тогтоох нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019.08.09-ний өдрийг хүртэл тогтоохоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top