Чуулган: Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.18/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, Зөвшилцлийн ажлын хэсгийг байгууллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.07.16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4-т “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Түүнчлэн 5 дугаар зүйлийн 5.3.1-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах”, 5.4.7-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох” гэж тус тус заасныг үндэслэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.07.16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, саналын түвшинд харгалзан үзэх, хэлэлцүүлэх, зөвшилцөх шаардлагатай тул УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019.08.09-ний өдрийг дуустал тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 42 нь буюу 85.7 хувь нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (зөвшилцсөнөөр), орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллах юм байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, М.Билэгт нар асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хариулт авлаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг бүрэн нэгтгэж, зөвшилцөн ажиллаж байгааг С.Бямбацогт дарга хариуллаа. Түүнчлэн улс төрийн намуудын саналыг төсөл боловсруулах үе шат бүрд авч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ч төсөлтэй холбоотой саналуудаа илэрхийлэх боломж нээлттэй гэдгийг хэлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд ч улс төрийн намуудын саналыг тусгасан байгаа гэдгийг танилцуулсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийн үр дүнд 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалт хоорондын авцалдаа холбоо муудаад, байснаасаа дордох вий гэдэг болгоомжлол бий гэдгээ Д.Эрдэнэбат гишүүн илэрхийллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрөөс ангид, ард түмний нийтлэг эрх ашигт тулгуурлан хэлэлцэх нь зүйтэй гэв. Иймд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор багтаагаад Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс  Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан саналаа хүргүүлнэ гэдгийг тэрбээр хэлсэн. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналын дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэн тул дээрх Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top