Өндөр үүдээ өргөн угтах “Хаадын гэр”

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Аялал жуулчлалын нэгэн чухал бүтээгдэхүүн бол Үйлдвэрлэлийн аялал жуулчлал байдаг. Тэр дундаа түүхийн шаргал хуудаснаа мөнхөрсөн 2200 гаруй жилийн түүхтэй Хүннүчүүд, тэднээс өвлөгдөн ирсэн аугаа түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд урлан бүтээхүйн ур ухаанаа зориулж буй үндэсний шилдэг үйлдвэрлэгч, шинэ санаа-шилдэг бүтээлийн эзэн “Хаадын гэр” компанийн урланг энэ удаагийн "Зиндаа" сэтгүүлийнхээ №14/514 дугаарын "Аялал жуулчлал” буланд онцлон толилуулж байна.


“Хаадын гэр” компанитай танилцахаар бидний хэлж заншсанаар “Газарчин” дээд сургуулийг зорилоо. Тийн явах замд “Дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно, Гуа марал Тэнгис далайг гаталж ирээд Онон голын орчимд нутаглав...” хэмээх “Монголын нууц товчоо”-ны үгс яагаад ч юм бодлоос гарахгүй ...

Биднийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан эмэгтэй бол “Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ. Тэрбээр Дэлхийн банкны төв байранд зохион байгуулагдах “Монголын өв соёлын өдөр” арга хэмжээнд оролцохоор тун завгүй ажиллаж байгаа тухайгаа бидэнд ярьж байлаа.

Тус компанийн хувьд Монголын түүх соёл, өв уламжлалыг өөрийн ард түмэн, залуу хойч үе болон дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах, түүхэн соёлын өвийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой бөгөөд үүнийхээ дагуу Монголдоо төдийгүй дэлхийн улс орнуудад зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байна. Өдгөө оролцох гэж буй. Дэлхийн банкны энэхүү арга хэмжээ тус компанийн хувьд 17 дахь томоохон үзэсгэлэн нь ажээ.

“Хаадын гэр”-ийнхэн түүхэн буюу эртний, уламжлалт буюу классик, орчин үеийн буюу модерн гэх үндсэн гурван концепцийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон авч явдаг. Тэдгээртээ үндэсний хэв маягийг шингээж урлан бүтээх хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэгтэй. Гэхдээ энэ бүгдийг хийж чаддаг, ойлгодог хамт олон байж гэмээн сая төгс бүтээгдэхүүн гарч, дотооддоо төдийгүй дэлхийд Монголыг сурталчлах учиртай.

Тиймдээ ч үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүн урлалыг хийж буй “Хаадын гэр”-ийн үйлдвэртэй танилцах аялал хамгийн сонирхолтой байсан юм.

Д.Болор-Эрдэнэ захирал биднийг эхлээд эсгий урлалын үйлдвэртэйгээ танилцуулав. Эндээс орчин цагийн хүмүүсийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүд /эсгий ширмэл, эсгий ширдэг, хөөмөл ширмэл, буйдангийн бүтээлэг, ханын эсгий зураг, хүүхдийн өрөөний эсгий хослол, ширээний хослол гэх мэт/ эцсийн байдлаар гардаг юм байна. Гол түүхий эд болох хонины ноосоор юуг ч хийж болох боломжтойг эндээс харж болно. Биднийг үйлдвэр рүү ороход АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах “Дэлхийн банк”-ны арга хэмжээнд зориулан урлаж буй томоохон эсгий урлал хийж байхтай таарсан агаад эсгий дээр зээг хатгах үйлчин бүсгүйчүүд завгүй ажиллах ажээ. Сурвалжлагч орж ирснийг ч анзаарах сөхөөгүй байх тэдний хувьд үнэхээр л цаг давчуу байгаа нь илт.

Үйлдвэрийн бараг 50 хувьд нь дэлгээтэй байх томоохон эсгий урлал яг л уран зураг мэт. Хонины ноосоор зураг зурж болдог юм уу гэх гайхширал ч төрж байлаа. Энэ талаар Д.Болор-Эрдэнэ захирал “Энэ бол бидний Вашингтон руу авч явах бүтээл. Бид тус арга хэмжээнд Монголынхоо түүх соёлыг танилцуулахын сацуу өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой явж байна. Энэхүү оролцооныхоо хүрээнд 3х3М хэмжээтэй “Хүннүгийн үе”, “XIII зуун”, “Орчин цаг”-ийг харуулсан эсгий зураглал хийхээр ажиллаж байна.

Энэхүү голд байх зурагт XIII зууны үеийн тэрэгт гэртэй их нүүдлийг дүрсэлж өгсөн. /СУРВ: Монгол хаадын гэрийг олон арван шар үхэр хөллөсөн тэргэн дээр барьж нүүдэл хийдэг байсан. Их тэрэгнээс гадна дөрөв, найман үхэр хөллөсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байжээ/.

Цаад талын хэсэг дээр Хүннүгийн үе буюу тэдний бэлгэшээн дээдэлдэг нар, сарыг дүрсэлж өгсөн байна. Бидний өвөг дээдэс Хүннүчүүд нар сарандаа залбирдаг ард түмэн байсан. Бид одоо ч нар сарандаа залбирч, цагаан сүүнийхээ дээжийг өргөж явдаг шүү дээ. Нөгөө хэсэг дээр нь орчин цагийн эрийн гурван наадмыг дүрсэлсэн. Монголчуудыг ер нь монгол гэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид иймэрхүү зураглал дээрээ үргэлж монгол гэрээ оруулж өгдөг онцлогтой. Одоогоор зураглал маань дөнгөж эхлээд л явж байна. Хамгийн доод талдаа хагас эсгий тавиад дээгүүр нь ноосоор ерөнхий зургийнхаа деталиудыг тавьж өгч байгаа гэсэн үг. Энэ бол манай зураачийн оюун ухаанаас гарсан цор ганц хувилбар гэж ойлгож болно” хэмээн ярьж байв.

ХОНИНЫ НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ЧИЙГ, ҮНЭРИЙГ ШИНГЭЭЖ ГАДАГШЛУУЛДАГ

Үнэхээр л түүний хэлсэнчлэн “Хаадын гэр”-ийн бүтээл бүр цор ганц байхаас гадна үр хойчид үлдээх үнэт өв болдгоороо онцлог юм. Үнэт өв болон үлдэх түүхийн үнэт олдворууд өнөө ч олдсоор буй. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Ноён уул”-ын VI булшнаас олдсон 260 см урттай, 67.5 см-ийн өргөнтэй Хүннүгийн үеийн эсгий ширдэгийг нэрлэж болно. 2200 гаруй жилийн түүхийг элээсэн тус бүтээл өдгөө ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдаж байна.

Эсгий ширдгэн дээр үүлэн хээг дүрслэхийн сацуу хандгай руу довтлон, зоон дээр нь ассан том чихтэй домгийн махчин шувууг дүрсэлсэн байх бөгөөд түүний хажууд сүүлээ өргөн мөргөлдөх сарлагуудыг ч ширж өгчээ. Яг үүнээс эш авсан эсгий ширдэгүүдийг “Хаадын гэр” компанийн үйлчин бүсгүйчүүд урлан сууна. Бүсгүйчүүдийн урлан суугаа “Хүннү ширмэл”-ийн хувьд компанийн анхны бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Өдгөө брэнд болсон хамгийн олон захиалагчтай бүтээгдэхүүн ч гэж хэлж болно. Мөн бүтээгдэхүүн эко гэдгээрээ ялгагдана.

Тухайлбал, мод, эсгий, керамик эдлэлүүд нь өнөө цагт хамгийн эко бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог болсон. Бидний онцлон өгүүлж байгаа хонины ноосны хувьд гэхэд л хүний эрүүл мэндэд ач тустай шинж чанар ихтэй болохыг нь түүхч эрдэмтэд нотлоод байгаа юм. Хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, элдэв үнэрийг өөртөө шингээж гадагшлуулдаг төдийгүй галд тэсвэртэй, цахилгаанждаггүй учир хонины ноосыг монголчууд эртнээс хэрэглэж ирсэн. Монгол хонины ноос нь дулаан тусгаарлах онцгой шинж чанартай. Бүр тодруулбал, агаарын чийгшил ихтэй үед ноос нь 40 хүртэлх хувийн чийгийг өөртөө шингээж, дулаан болгон ялгаруулдаг бөгөөд 1 кг хуурай ноосноос 960 кж энерги ялгардаг ажээ.

Үйлдвэрлэлийн явцын талаар Д.Болор-Эрдэнэ захирал “Үүнийг урлахдаа гар эсгийгээ хийгээд түүн дээрээ зээглэх, ширэх зэргээр гар урлалын бүхий л төрлийг ашиглан урлаж байна. Зураглалын хувьд концепцийнхоо хүрээнд Хүннүгийн үеийн болоод уламжлалт хээ дүрслэлүүдийг хийж өгсөн. Тодруулбал, гал, ус, үүлийг дүрсэлсэн хээнүүд, Хүннүгийн бэлгэдлийн амьтад, нар сарыг оруулж өгсөн онцлогтой. Ер нь би тухайн үеийн монголчуудын хатгамлын төрөл, эсгий ноосны боловсруулалт ямар гайхамшигтай байсан юм бэ гэж боддог юм. Түүхийн музейд хадгалагдаж байгаа бүтээлийг хараад зогсож байхад яг л машинаар оёчихсон юм уу гэмээр сэтгэгдэл төрдөг. Тэр үеийн уран дархан, уран хатгамалчдын бүтээл өнөө цагт өвлөгдөн ирж байна гэдэг бол аугаа юм. Бид өнөөдөр тэднийхээ үргэлжлэл болж бүтээл урлаж яваадаа хязгааргүй их талархдаг” гэлээ.

“Хүннү ширмэл”-ийг бүтээхэд ажиллаж буй хүмүүсийнхээ тооноос шалтгаалаад нэг сарын хугацааг зарцуулдаг аж. Хамгийн гол нь энэхүү бүтээгдэхүүнийг хийхэд цехийн бүх ажилтан гар бие оролцдог. Эсгий урлаач ноосыг самнаснаар ажил эхлэх бөгөөд дараа нь эсгийгээ биежүүлж, түүн дээр нь зураач зургаа буулгасны дараа хатгамалчид ажилдаа ордог байна.

ЭКО СУУДЛЫН БҮРЭЭСИЙГ ГАР АРГААР УРЛАЖ БАЙНА

Үйлдвэртэй танилцаж явахад бас нэгэн зүйл сонирхол татсан нь “Автомашины суудлын бүрээс урлах” ажлын явц байлаа. Модерн маягийн хээтэй энэхүү суудлын бүрээсийг 100 хувь гар аргаар хийж байгааг харахад үнэхээр бахархмаар санагдсан. Харин энэ талаар Д.Болор-Эрдэнэ захирал “Сүүлийн үед манай компани авто машины суудлын бүрээсийг захиалгаар хийж байна. Хүмүүс эрүүл мэнд талаасаа 100 хувь байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнийг их сонгодог болсон. Суудлын бүрээсийн хувьд л гэхэд чийгийг өөртөө шингээдэг учраас, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Эсгий хийж буй ноос нь амьд организмаас гарч байгаа учраас амьтай буюу энергийн өндөр агууламжтай байдаг. Монгол гэрийг л бодоод үзэхэд зөвхөн мод, эсгий хоёроос бүрдсэн атлаа хүйтнийг нэвтрүүлэхгүй, дулааныг гадагшлуулахгүй онцлог шинж чанартай байдаг шүү дээ. Эрдэмтэд одоогоор ноосны 15 орчим ач тустай шинж чанарыг судлаад гаргаад ирчихсэн байна. Хамгийн сүүлд н.Эрдэнэтуяа докторын гаргасан номноос харж байхад “Ноосон оймс, өвдгөвч өмсдөг, өвдөгний үрэвсэлтэй хүмүүсийн үрэвсэл дарагдсан байна” гэх судалгааны үр дүнг онцолсон байна лээ. Тэгэхээр л хонины ноосны ач тус цааш улам нарийн тогтоогдох нь байна. Бидний өвөг дээдэс эртнээс хонио хяргаад ноосыг нь устай хольж боловсруулаад л амьдрал ахуйдаа хэрэглэж байж. Харин өнөө цагт тэрхүү уламжлагдаж ирсэн ёс заншлыг орчин үеийн шийдэлтэй хослуулаад хэрхэн үргэлжлүүлэн авч явах вэ, энэхүү эрүүл мэндийн ач холбогдолтой зүйлээ орчин цагийн хүмүүст нийцүүлж яаж хийх вэ гэдэгт л онцгой анхаарч байна. Гол нь эцсийн гүйцэтгэл” хэмээн ярилаа.

Суудлын бүрээсийн хувьд л гэхэд чийгийг өөртөө шингээдэг учраас, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Эсгий хийж буй ноос нь амьд организмаас гарч байгаа учраас амьтай буюу энергийн өндөр агууламжтай байдаг.

Бага балчирт хардаг байсан уламжлалт арга техник буюу эсгийгээ саваад, мориор чирж чангалж, биежүүлдэг үйл явц өнөө үед дэвшилтэт технологи руу шилжиж байгаа нь энэ салбар хөгжиж буйг харуулах нэг үзүүлэлт юм.

Дээр өгүүлсэн суудлын бүрээсийг ус, ноос ашиглан үрэлтийн хүчээр биежүүлж байгаа бол үүнээс том хэмжээтэй ноосыг тусгай эсгийрүүлэгч машинд хийж биежүүлээд эцсийн бүтээгдэхүүн хийхэд бэлэн болгоод гаргаж ирдэг аж.

Энд нэг зүйлийг онцлоход “Хаадын гэр” компанийнхан эсгий урлалын гол түүхий эд болох ноосоо “Монгол ноос” ХХК-иас худалдан авдаг байна. Тэрхүү ноос нь хялгасгүй, үнэргүй байдаг давуу талтай бөгөөд ноосны ширхэгийн хэмжээ 19 микрон буюу ноолууртай тун дөхөх хэмжээнд очдог аж. Монгол ноолуурын ширхэг 15 микронтой байдаг бол “Хаадын гэр”-ийн бүтээгдэхүүнүүд түүнээс 4 микроны л зөрүүтэй юм. Нэг үгээр хэлбэл ноосон эдлэлүүд ноолууран эдлэлтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрч байна гэсэн үг. Тэгсэн атлаа эдэлгээний хувьд ноолуурнаас хэд дахин өндөр үзүүлэлттэй.

Эсгий урлалын үйл ажиллагаатай танилцсан бидний аялал ийн өндөрлөв. Дараагийн зочлох газар маань модон эдлэлийн үйлдвэр. Аялал цааш үргэлжилнэ...

"Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарт нийтлэгдэв

Сурвалжлагч О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top