П.Энхтөр: Аливаа бизнес бусдаас ялгарч чадвал амжилтад хүрэх магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

“Зиндаа” сэтгүүл аялал жуулчлал булангийнхаа №09/509 дүгээр дугаарт тун өвөрмөц содон, шинэлэг нэгэн газрыг танилцуулсан юм. Бид өмнөх дугаарууддаа аялал жуулчлалын компаниудыг онцолдог байсан бол энэ удаа Европын орнуудаар тойрон аялж, тэндээс олсон өвөрмөц санаагаараа “Вива сити” хороололд амтат кофе шоп ажиллуулдаг нэгэн гэр бүлийг урилаа. Тэд төрөл бүрийн кофегоор үйлчлэхээс гадна өөрсдийн гараар хийсэн амтат бялуу, бүхэл үрийн талхаар хороололдоо хэдийн алдартай болжээ. Мөн кофе шопынхоо доторх хийц, дизайныг өөрсдийн гараар бүтээж, тэднийхээр үйлчлүүлж буй хүн бүрт сайхан сэтгэгдэл, тав тух бэлэглэхийн тулд үргэлж л шинийг санаачилж, хийж байдаг тухайгаа хуваалцсан юм. Ингээд “Ингээд “Good bread” кофе шоп, “Далд Уянга” ТББ-ын тэргүүн П.Энхтөрийн ярилцлагыг та бүхэнд хүргэе.


-Кофе, шинэ талхны үнэр үнэхээр сайхан үнэртэж байна. Анх танай кофе шопд орж ирээд шууд л Итали ч юм уу Европын нэгэн хотод ирчихсэн юм шиг содон мэдрэмж төрж байлаа. Доторх тохижилт, дизайн гээд бүгд өвөрмөц юм аа?

-Баярлалаа. Интерьер, дизайн бол миний хувийн сонирхол л доо. Би өөрөө рок хөгжим сонсдог. Тийм учраас нэгэн хэвийн, баригдмал зүйлээс аль болох татгалзахыг хичээдэг. Жишээлбэл, хана болгонд ижил зүйл байх шаардлагагүй. Хана тус бүр нь өөр өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлж яагаад болохгүй гэж, тийм ээ. Хүн орж ирэхдээ өөрийн сонирхсон, ая тухтай байх газраа сонгоод сууж болно. Тэндээсээ кайф авна. Ингэж бодож хийсэн л дээ.

-Рок хөгжим сонсдог, интерьер дизайны сонирхолтой гэхээр таны мэргэжил тэр талынх гэсэн үг үү. Манай уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-Би нийслэл хотын унаган хүүхэд. 50 мянгатад төрж өссөн. Тэгэхээр 70- аад онд миний бага нас, 80, 90-ээд онд залуу нас маань өнгөрсөн байна. Рок хөгжим сонсдог 40, 50 мянгатын хоёр дахь үе гэж нэрлэх байх. Нөгөө Э.Бат-Үүл, С.Баяр нарын дараагийн үе гэсэн үг л дээ. Биднийг рок хөгжим сонсож эхлэхэд Битлз маань аль хэдийн од болчихсон, маш олон рок хамтлагууд гараад ирчихсэн байсан. Хөгжмийн урсгалууд нь ч олон янз болсон. Бидний үед ёстой олдсоноо л сонсдог байлаа. Тэгээд сонссоор байтал тэрэндээ орчихно. За, арван жилийн сургуулиа 40, 50 мянгатынхны жишгээр л 11-р сургуульд сурсан. Тэр үед сургууль маань 8 жилийнх байсан учир 10-р ангиа 45-р сургуульд төгссөн. Сургуулиа төгсөөд хойшоо Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцахаар явж, далд уурхайн ашиглалтын инженерийн анги төгссөн.

-Кофе шоп нээж, ажиллуулах санаа анх яаж төрсөн бэ. Жишээлбэл, доторх дизайныхаа санааг ихэвчлэн аялаж явахдаа олсон гэж би сонссон юм байна?

-Би багадаа зураг зурдаг, 10 дугаар ангиа төгсөөд архитектор болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Тухайн үед өөрийн сонирхсон мэргэжлээр суралцахад төвөгтэй байсан юм. Намайг төгсөх жил архитектурын мэргэжлээр гадаадын их дээд сургуулиудад ямар нэгэн элсэлт байгаагүй учир өөр мэргэжлээр суралцахаар явж байсан. Тэр цагаас хойш өөрийн хоббиг хэрэгжүүлж чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Харин гадаад орнуудаар аялж явахдаа барилгын интерьер, экстерьер болон хийц загварыг сонирхож өөрт таалагдсан зүйлийн зургийг авч хадгалсаар нэлээд том альбомтой болсон байсан. Тэгээд ер нь өөрийн хоббиг хэрэгжүүлэхээр шийдсэн. Оносон, алдсан зүйлс их байдаг байх. Манайд барилгын гадна болон дотор засал чимэглэлийг обой, плита наах гэх мэт аар саар зүйлээр гүйцэтгэгч, захиалагч хэн хэн нь ойлгоод байдаг.

Үнэндээ гадаадад интерьер, экстерьер гэдэг маань урлагийн нэг салбар болтлоо хөгжсөн байна. Энэ хоёр үгний тайлбар нь “барилгын гадна, дотор талыг уран барилгын хэв маяг, урлагийн бүтээл хэлбэрээр чимэглэх” гэж орчуулагддаг л даа.

-Манай улсад гэр бүлийн уламжлалт бизнес одоо л хөгжиж байх шиг. Тэгэхээр таны бизнесийн зорилго, нийгэмд түгээхийг хүсч байгаа зүйл юу вэ?

-Манайд сүүлийн үеэс гэр бүлийн бизнес хөгжих чиг хандлага ажиглагдаж байна. Гэхдээ бидэнд, гэр бүлийн бизнес гэхээр ах дүүгээрээ нийлээд хамтарч ажиллах мэтээр ойлгогдоод байдаг. Нэг талаар энэ нь зөв боловч нөгөө талдаа гэр бүлийн бизнест өөрийн өв уламжлан ирсэн ямар нэгэн нууц жор, арга технологууд хадгалагдаж байдаг. Мэдээж бидний хэнд ч уламжлагдан ирсэн тийм нууц байх биш. Гэхдээ аль ч чиглэлийн бизнесийг хэн нэгнээс шууд хуулан хэрэгжүүлэхдээ хэт монголчилохгүйгээр тухайн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанарыг хадгалан хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй л дээ. Миний хувьд олж авсан санаагаа шууд хуулахаас илүүтэйгээр өөрийн хэв шинжийг түүнд шингээж, уламжлал болон шинэчлэлийг хослуулахыг эрмэлздэг. Миний бодож явдаг нэг зүйл бий л дээ, өөрийн хэв шинжийг бага ч болтугай бусдад мэдрүүлэх, уламжлал шахуу болчихсон засал чимэглэлийн хэв загварыг эвдэх, заслыг интерьерээс салгаж ойлгоход бага ч болтугай хувь нэмрээ оруулах юм.

-Монголд сүүлийн жилүүдэд маш олон кофе шоп нээгдсэн л дээ. Хүмүүсийн кофены хэрэглээ ч ихэссэн байна. Тэгэхээр кофены соёл болон кофе шопын анхаарч ажилладаг, бусад бизнесээс ялгаатай зүйлийн тухай манай уншигчдад ярьж өгөөч?

-Би дээр ярьсан даа. Аливаа бизнес бусдаас ялгарч гарч чадвал амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Гэхдээ ялгарах гэдэг нь ямар нэгэн уриа лоозонтой огт холбоогүй байвал илүү дээр. Харин чанар бас дахин чанар. Энэ ч үүднээс бид хэрэглэгчдэд өөр амт, өөр өнгө төрхийг мэдрүүлэхээс гадна, өөрсдийн үйлдвэрлэдэг бялууг урлагийн бүтээл шиг чимэглэхийг хичээдэг. Хэрэглэгчид ч их өвөрмөгц маягаар чимэглүүлэх захиалга өгдөг болсон. Сүүлийн үед хоббидоо хөтлөгдөж интерьер чимэглэлийн ажлын хажуугаар бялуу чимэглэдэг ажил руу халтираад орчихсон.

-Европын орноор аялдаг гэж сонссон. Нууц биш бол хэдэн орноор аялсан бэ. Тухайн орнуудаар аялж явахад юу нь хамгийн их таалагддаг вэ?

-Бид гэр бүлээрээ Европын олон орноор аялсан. Аяллаар явж байхдаа сонин содон, сайхан санаа авчихаар зүйлстэй их таардаг. Түүнийгээ нутагтаа ирээд өөрийн санааг нэмж байгаад л шууд буулгамаар санагддаг юм.

-Европын орноор аялахад маш их зардал гардаг гэж зарим хүмүүс боддог. Олон жил аялж байгаагийн хувьд аялах сонирхолтой, аялахаар зэхэж байгаа хүмүүст хандаж юу зөвлөх вэ. Мөн юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Хүн залуу насандаа аялж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Гадны улс орнуудаар аялахад хуримтлуулсан хөрөнгө мөнгө заавал хэрэгтэй мэтээр зарим хүмүүс ойлгож хойш тавьсаар оройтдог. Насны залууд заавал аял. Илүү зарим нэгэн зардлаа хасч хэмнээд мөнгөө цааш хий.Хэсэг хугацааны дараа аялах зардал чинь үүсч хуримтлагдана. Аялалаас өөрт хэрэгтэй санааг олж авдаг.Түүнийг амьдралдаа ашигла. Амжилтанд хүрнэ. Аялахад хэрэгтэй нэг зүйл нь ямар нэгэн хэлний мэдлэг. Гадаадад хэлгүй бол Та хаа ч хүрч чадахгүй хөлгүй мэт тушаатай байна. Залуу насандаа энэ 2 дүрмийг баримтлаад үзээрэй. Хэл сур тэгээд аял. Аяллаас сэтгэлийн их таашаалыг олж авдаг. Хэлгүй байсан ч Та аялж чадна. Гэхдээ мэргэжлийн тур операторуудын үйлчилгээнд хамрагдах хэрэгтэй. Мэдээж арай илүү мөнгө зарцуулна. Ингээд ч хамаагүй аялаад үзээрэй.

-Аялж явахдаа тохиолдсон хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцвал?

-Аялал болгон л өөрийн гэсэн дурсамжтай байдаг. Хамгийн их сэтгэлд үлдсэн аялал 2013 оных юм. Тэр онд Парисын Диснейлэндийн 20 жилийн ойн баяр болж байсан. Тэр шоу программ үнэхээр гоё байсан. Өдөржин Диснейлэндээр хүүхдүүдтэйгээ зугаалаад, орой нь задгай талбай дээр болсон парадын дараа, хүүхэлдэйн кинонууд үзсэн чинь буцаад хүүхэд болчихсон юм шиг л санагдаж билээ. Мөн 2016 онд Чехэд болсон хэви металл хамтлагуудын цугларалт ,тоглолтыг үзсэн нь санаанд тод үлджээ.

-Танд баярлалаа.

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №09/509 дүгээр дугаараас онцлов

Ярилцсан Г.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elbegee(109.9.81.229) 2019 оны 08 сарын 21

baruunii iimerxuu zuiliig sain duuraisan baina gexdee yaxav xar cafée uugaad eruul enhiig husie

0  |  0
Top