УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын тогтоолоор байгуулж, зөвшилцөх ажил үргэлжилж байгаа бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлж шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэж буйг иргэдийн дийлэнх нь ойлгон дэмжиж байгаа аж. Тухайлбал, МЭК судалгааны байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд явуулсан судалгаанд оролцсон 725 иргэний 66 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин тус байгууллагаас 2019 оны зургаадугаар сард явуулсан судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байв.
Сэтгэгдэл ( 0 )