Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого батлах тухай, Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Монгол Улсын хүн амын 67 хувь нь хот, суурин газарт амьдарч, 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд 64 хувийг эзэлж буй бөгөөд бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний 80.2 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээс доогуур, илүүдэл жин, таргалалтын түвшингээр Ази тивдээ хамгийн өндөр, нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн дүгнэлт гарсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, клубээр гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой болж, цаашид бие даасан байдлыг нь дэмжих, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дотоодын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх боломжтой болсон байна.
Тиймээс Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулсан байна.
“Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын зорилго нь биеийн тамир, спортыг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, тамирчдын амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэхэд оршиж буй бөгөөд Бодлогыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлэх аж.
Биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх, биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна.
Мөн дугаарт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж буй аж.
Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, инноваци болон байгальд ээлтэй техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулж, орон нутагт брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бие даасан, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )