Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа Японы Нагоягийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-г хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны энэ айлчлал манай хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хөгжлийг цогцлоох талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэж тэмдэглэв.
Тэрбээр Нагоягийн их сургууль манай улсын томоохон их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлэв. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр Японы эрх зүйн сургалт, судалгааны хөтөлбөр, ШУТИС-д Хээрийн судалгааны лабораторийн төсөл, мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх докторын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн гарц нь судалгаанд суурилах ёстой гэж үзэж, судалгааны их сургуулиудтай болох зорилт тавьсныг тэмдэглэж, энэ ажлын хүрээнд МУИС, Нагоягийн их сургуультай ахисан түвшний сургалтдаа судалгаанд суурилсан тогтолцоо бүрдүүлэх талаар хамтарч ажиллаж байгааг сайшаагаад, цаашид эрдэм солилцоо, оюутан солилцоог идэвхжүүлж, судалгааны их сургуулиудыг төлөвшүүлэхэд Япон Улс, түүн дотроос Нагоягийн их сургуулийн оруулах хувь нэмэр чухал гэдгийг онцоллоо.
Уулзалтад оролцсон Нагоягийн их сургуулийн дэд захирал Наоши Сүгияма тус сургууль Монголын их, дээд сургуулиудтай илүү олон чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг дурдаж, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-гийн айлчлалын хөтөлбөрт залуу судлаачдад зөвлөгөө өгөх, лекц унших, хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцох зэрэг арга хэмжээ багтсаныг танилцууллаа.
Эрдэмтэн Рёожи Ноёори япончууд Монголыг ихэд дотночилж үздэгийг онцлоод, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг хамтран хөгжүүлэх, өөрийн мэдлэг, чадвар, хурааж хуримтлуулсан туршлагаа монголчуудтай хуваалцаж, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшил, их сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэх зорилтод хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Би залуу эрдэмтэн, судлаачдад туулсан амьдрал, эрдэм судлалын ажлын арга барилаа танилцуулна. Гэхдээ энэ бол үлдэж хоцорсон хуучин түүх. Ирээдүй бидний өмнө бий. Тиймээс ирээдүйг авч явах залууст илүү их итгэж байна. Монголын залуу эрдэмтэн, судлаачдад судлах, шинжлэх, ихийг бүтээх эрмэлзэл, хүслийг төрүүлж чадвал миний зорилго биелэх болно” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд хиймэл оюун ухаан, онлайн сургалт эрчээ авч, тэр нь их, дээд сургуулиудад сорилт болж байна. Үүнийг Стэнфордын их сургуулийн захирал, нэрт эрдэмтэн Жон Хеннеси “Их сургуульд цунами ойртож байна” гэж хэлсэн байдаг. Орчин үед дээд боловсролын диплом, зэрэг, дэв чухал биш болж, авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй ирээдүй үеийг төлөвшүүлэхэд илүү анхаарч байна. Тиймээс манай их сургуулиуд дэлхийн түвшинд хүрсэн, судалгааны сургуулиуд болох ёстой. Дэлхийд нэр хүндтэй Нагоягийн их сургуультай тогтоосон энэхүү түншлэл бидний хувьд боломж мөн. Тус сургуулийн ололт амжилтаас суралцах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэж хэлэв.
Уулзалтад Нагоягийн их сургуулийн дэд захирал Наоши Сүгияма, АСКИ институтийн захирал Фүмио Исода, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, дэд захирал Б.Очирхуяг, Ч.Лодойравсал, академич, Нагоягийн их сургуулийн Хүндэт доктор С.Нарангэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, Нагоягийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Гангабаатар нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Ноён Рёожи Ноёори 2001 онд химийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн, Японы шинжлэх ухаан технологийн агентлаг, Хөгжлийн стратеги, судалгааны төвийн захирлаар ажилладаг, шинжлэх ухааны салбарт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог дэлхийн хэмжээний томоохон 10 гаруй шагнал хүртсэн, нэрт эрдэмтэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913