Их гүрний удирдагчийн хувьд “альфа имиж” бүрдүүлэх нь сүр хүчээ харуулах чухал илэрхийлэмж байж таарна. Хар өнгийг түлхүү сонгодог болохоор барууныхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “Хар хувцастан” ч гэж нэрлэдэг. Хар биш гэвэл хөх, эсвэл бааран саарал өнгө түүний сонголт байдаг.
Ерөнхийлөгч В.Путины өмсөх дуртай өнгөний хослол түүнийг засгийн эрхэнд байсан 20-иод жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. Хөх, эсвэл саарал хослолыг цайвар цэнхэр цамц, цэнхэр (Усан цэнхрээс хар хөх хүртэл) зангиатай хослуулдаг, хэрэв хослол нь хар өнгөтэй бол цагаан цамц + хар эсвэл бургунди зангиа. Зангиа нь Valentino-гийнх байх нь элбэг.
Загварын хувьд classic cut, өнгөний тал дээр бараан, тэгээд мэдээж дээд зэргийн чанартай материал. Амжилттай яваа, тэр тусмаа консерватив маягийн эрчүүд classic cut загварын хослол өмсдөг гэлцдэг. Владимир Путины хувьд хүрэм, өмд аль аль нь сулхан загвартайг таашаадаг гэлтэй.
Сонирхолтой нь, Путины хувцсан дээр ямар нэг брэндийг илэрхийлсэн шошго, таних тэмдэг хэзээ ч ил тод харагдаж байгаагүй.
Гэхдээ ноён Ерөнхийлөгчийн өмсөх дуртай брэнд нь Kiton болон Brioni гэх. Хоёул Италийнх. Эхний эсгүүрийг хийхээс эхлээд эцсийн оёдол хүртэл зөвхөн ганц оёдолчны ураар бүтдэг, зөвхөн нэг хослол хийх гэж хэдэн арван цаг зарцуулдаг гээд үнэ цэнийн тал дээр ярих юм байхгүй. Үнэ 5000 еврогоос эхэлнэ.
Өөр нэг батлагдаагүй мэдээлэл гэвэл Оросын төрийн өндөр тушаалтнууд, дээд хүрээнийхний адилаар Ерөнхийлөгч Путин дотоодын Tigorico брэндээр гоёдог.
Tigorico-гийн ахлах дизайнер нь Шинэ Зеланд руу аялж, мерино үүлдрийн хонины ноосыг тусгайлан сонгодог гэлцдэг.
Мерино хонины ноос нь атираалаг уян хатан чанар, дулаан хадгалах чадвар сайтай, нарийн, зөөлөн ширхэгтэйгээрээ алдартай. Сонгосон ноосоо Англи, Италийн дээд зэрэглэлийн үйлдвэрүүд рүү илгээж, материалаа нэхүүлдэг. Ийм дээд зэрэглэлийн даавуугаар оёсон Tigorico хослолын үнэ 145 мянган рублиэс эхэлдэг.
Сэтгэгдэл ( 0 )