В.Путин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Халх голын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан корфус командлагч, ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө. Ёслолд хоёр улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид оролцож, хүндэт харуулын жагсаалын өмнө хүндэтгэлийн цэцэг өргөсөн юм.

Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр /2019.09.03/ нутаг буцах юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор угтаж авсан бөгөөд Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top