Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан саналыг татаж авах БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Монгол Улсын хувь заяаг улс төрийн хоёр том нам зурж байна. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хоёр нам ямар байр суурьтай байгааг хүргэж байна.


Д.ТОГТОХСҮРЭН: АН-ЫНХАН САНАЛАА ТАТАЖ АВАХ БОЛОМЖГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “АН-ын зүгээс бүх саналаа татна гэж мэдэгдсэн. Тус намын хэд, хэдэн санал төсөлд туссан. Байгалийн баялаг болон орон нутгийн төслийн эрх мэдлийг нэмэх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг санал нь туссан. Гэхдээ хуулиараа саналаа татна гэсэн ойлголт байхгүй. АН-ын тухайд төсөл татна, оролцохгүй гэж байгаа нь ямар утгатайг мэдэхгүй. Өөрсдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил эхлэх үеэс л ард нийтийн санал асуулга явуулахыг хүссэн байдаг. Энэ ч утгаараа ард нийтийн санал асуулгыг АН-ынхан дэмжиж оролцох байх гэж ойлгож байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төслөө татна гэж хэллээ. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгч байгаа тайлбараар бол “Төслөө татахгүй ээ, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэр гарчихсан болохоор боломжгүй” гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийн саналаар ард нийтийн санал асуулгад оруулж өгөх санал тавьсан. Ард нийтийн санал асуулга явуулах төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой. Дараа нь ямар хэлбэрээр ард нийтийн санал асуулга явуулахаа УИХ шийднэ. Тэр шийдэл, хүрээндээ Ерөнхийлөгчийн тавьсан саналыг хэлэлцэх ёстой” хэмээн ярилаа. 

* * *

Д.ЭРДЭНЭБАТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ОРУУЛСАН БҮХ САНАЛАА ТАТАЖ АВНА

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын гол заалтуудыг санал болгож, байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой 25 саналыг хүргүүлсэн. Хэлэлцүүлэгт АН маш идэвхтэй байр, сууриа илэрхийлж байнгын хороо, чуулганы хуралдаанд ардчиллыг бэх­жүүлэх, сонгодог парламентаа хамгаалах, Үндсэн хуульд дутагдаж буй саналуудаа нэмж оруулахаар ажилласан. Гэтэл Монгол Улсын парламентын засаглалыг цаашид төгөлдөржүүлэх санал унасан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгээс АН гарч буйгаа мэдэгдсэн. Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох ёстой гэсэн санал дэмжигдээгүй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах ёстой гэсэн заалтууд унасан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох ёстой гэсэн санал мөн дэмжигдээгүй. Энэ мэт олон санал унасан. Ингээд бодохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарчмын ямар өөрчлөлтийг хийж чадав. Сонгодог парламентыг төгөлдөржүүлж чадсан уу гэвэл үгүй байна.Тиймээс бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж буй саналуудаа татаж авч байна. Хэлэлцүүлгээс АН  гараад зогсохгүй, саналуудаа татаж авч байгаагаа мэдэгдэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top