Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан санал, төслөө эгүүлэн татсантай холбогдуулан парламентад суудалгүй намуудын удирдлагуудын байр суурийг сонирхсон юм.
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ САНААЧИЛЖ, БАТЛАХ ЁСТОЙ
Монгол ардын хувьсгалт намын дарга Н.ЭНХБАЯР: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гацаанд ороогүй. Ерөнхийлөгч төслөө татсанаар дууссан. Уг нь хууль өргөн барих журмаараа бол нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө хуулийн төслүүдийг нэгтгэх байсан. Гэтэл нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төслөө өргөн барьсан. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн. Хууль зөрчиж Үндсэн хуульд халдаж болохгүй. За яахав, тэдний хэлснээр нэг төсөл гэж бодъё. УИХ-ын 62 гишүүн, Тэгвэл Ерөнхийлөгч нь саналаа татчихлаа. Одоо төсөл байхгүй. Байгаа гэж үзвэл хоёр төсөл хэлэлцэж ирсэн гэсэн үг. Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хуулийг санаачилж, батлах ёстой. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ажиллах хугацааг нэмэх гэж оролдлоо. Тэр нь уналаа. Хэнд ч захирагдахгүй намын тогтолцоог бүрдүүлэх гэсэн ч уналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа татлаа. Болохгүй зүйлээс цэвэр гарах л оролдлого гэж харж байна. Нэгэнт төсөл байхгүй байхад санал асуулга хийнэ гэнэ, тийм зүйл байхгүй. Хэрэв анзаарсан бол өчигдөр нэг гишүүн “МАН-ын нөхөд Ерөнхийлөгчөөс гуйж байгаад төсөл санаачилсан” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн хэмжээнд Г.Занданшатар, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын хүмүүс ярьж таарна. Үүнээс харахад бохир байдлаар явсан нь харагдаж байна.
* * *
ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛСОН
Ард түмний олонхын засаглал намын ерөнхий зохицуулагч Ц.НАРАНГЭРЭЛ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа үйл явц нь хууль зөрчиж ирсэн учраас бид эсэргүүцэж байгаа. Үндсэн хуульд шинэчлэл хийх цаг болсон. Гэхдээ ийм аргаар биш. Итгэл үл даасан парламентаар Үндсэн хуульдаа гар хүргэж болохгүй. Нийгмийн амьдрал болж бүтэхгүй байгааг хүн бүр ярьж байна. Хувьсгал хийж, шинэ Үндсэн хуулиа батлах цаг болсон. УИХ буюу итгэл үл даасан парламентыг татан буулгаж дараагийн эв нэгдлийг бий болгох ёстой. Үндсэн хуулиа шинэчлэн батлах үндэсний эв нэгдлийг бий болгох ёстой. Үндэсний эв нэгдлийг цогцлоох үүрэг нь Ерөнхийлөгчид байгаа учраас бид Ерөнхийлөгчөөс үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Үндсэн хуулийг баталсан, батлаагүй УИХ тарах ёстой. Эрх баригчид төрийг зөв тогтолцоонд оруулах бус өөрсдийнхөө улс төрийн насыг сунгах зорилго агуулж байсан нь тодорхой байна.
* * *
ОЛОН НАМЫН ТОГТОЛЦООГ УСТГАХ ОРОЛДЛОО
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.ГАНБАТ: Улс төрийн 17 нам Үндсэн хуулийг хэлэлцэхээс эхлээд Үндсэн хуулиа зөрчиж байна гэж эрс эсэргүүцэж ирсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ төрийг удирдах зургаан зарчмыг зөрсөн. Ардчилсан зарчмаар ард түмнээсээ асуугаагүй. Шударга ёсны зарчмаар хууль шүүхийн өмнө тэгш байсангүй. Эрх чөлөөний зарчмаар улс төрийн намуудтай хамтарч ажиллаагүй. Тэгш байдал алдагдаж ганц нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Ерөнхийлөгч саналаа бүрэн татаж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл байхгүй болсон гэсэн үг. УИХ парламентын засаглалаа бататгахын оронд МАНАН дэглэмийг тогтоох санаархал явуулж байна. Тэд Монгол Улсын пармалентын засаглалын амин сүнс болсон олон намын тогтолцоог устгах оролдлого хийсэн. Тэгэхээр ард түмнээсээ Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээ асуугаад шинэ Үндсэн хууль боловсруулах ажилдаа орох хэрэгтэй.
* * *
ҮНДСЭН ХУУЛИА ХЭЛМЭГДҮҮЛЭХ ШАХЛАА
Монголын хүний төлөө намын дарга Х.БАТ-ЯЛАЛТ: Монгол Улсад хэлмэгдүүлэлт үргэлжлээд л байна. Өмнө нь хүнийг гүтгэж хэлмэгдүүлдэг байсан бол одоо Үндсэн хуулиа хэлмэгдүүлэх шахлаа. Үндсэн хууль хамгийн муу хууль байсан. Үүнийг өөрчилвөл сайхан болно гэсэн. Одоогийн УИХ нь Үндсэн хууль байтугай өөр хуулийг ч хийж чадахгүй байгаа. Ерөнхийлөгч саналаа татаж авснаар Үндсэн хуулийг өөрчлөх асуудал зогссон.
Тэд Үндсэн хуулийг өөрчлөх биш ард түмнээ залилах юм л хийх гэж байсан. Монголын хүний төлөө намын зүгээс бусад намуудтайгаа нэгдэж нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Бид эхний ээлжинд шүүх засаглалаа шударга болгох хэрэгтэй. Шүүх засаглал ажлаа хийхгүй болохоор монгол хүн болгон шүүгч боллоо. Монголчууд Үндсэн хуулиа судлаагүй байж өөрчлөх гээд хуваагдчихаад байгаа нь харамсалтай. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн бүтэлгүй оролдлого нь ард иргэд улс орныхоо төлөө санаа сэтгэлээ нэгтгэх байдлыг өдөөлөө.
* * *
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛСОН МОНГОЛЫГ БҮТЭЭЕ
Иргэний зориг ногоон намын дарга Ц.ГАНХУЯГ: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд бэлэн биш байна. 1992 оноос хойш Монголын амьдралд ямар ч өөрчлөлт гараагүй. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ахуй амьдралаа сайжраасай гэсэн хүлээлттэй байгаа. Гэтэл МАН-ын Үндсэн хуулийг өөрчлөх нь иргэдийн төлөө биш байсан төдийгүй зөвхөн сандал суудлын төлөөх өрсөлдөөн байсан. Мөн байгалийн баялгийг "төрийн нийтийн өмч" байх дэлхийд байхгүй томьёоллыг Үндсэн хуульд тусгахыг оролдлоо. Энэ нь байгалийн баялагийг тодорхой хүмүүс буюу 30-40 гэр бүл хэлбэрээ өөрчилж дахин завших бололцоогоо олж авахын төлөө байсан нь ил харагдаж байна. Бид одоо цаад зорилгыг ойлголоо. Тиймээс Үндсэн хуулийг шинэчилж баялагтаа эзэн болсон Монголыг бүтээе.
Сэтгэгдэл ( 3 )
ЭНД ГАНЦХАН МАХН Л ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ БУСАД НЬ НАМЫН ТАМГА ӨВӨРТӨЛСӨН ГИШҮҮН ГЭЖ ДАГАХ ХҮЧИНГҮЙ ХООСОН НАМУУД БАЙНА ДАА ОДОО БОЛЬЖ ҮЗ. МАНАЙД БАЙГАА 30 ГАРУЙ НАМ СОНГУУЛИЙН НАСНЫ 1,8 САЯ ХҮНД ГЕНЕССИЙН АМЖИЛТАНД ОРОХ ТОО ШҮҮ
Edgeer.namyn.darga.nar.hudlaa.yarihaa.boliochee.YXHiin.uurchlultuur.harin.ch.,zuv.zaaltuud.ih.orj.bgaa.yam.bna.lee
Edgeer.namyn.darga.nar.hudlaa.yarihaa.boliochee.YXHiin.uurchlultuur.harin.ch.,zuv.zaaltuud.ih.orj.bgaa.yam.bna.lee