В.Рэнцэндорж: Аймгийн хэмжээнд 1050 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Говь-Алтай айм­гийн Засаг дарга В.Рэнцэндоржоос аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.


- Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?

- Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 3.5 сая толгой мал тоолуулсан. Хавар төл хүлээн авч, энэ оны хагас жилийн байдлаар 4.3 сая малтай болсон. Энэ өвөл малчид аль болох ашигтай байдлаар зах зээлийн үнээр малаа борлуулах талаас нь дэмжиж ажиллах бодлого барьж байна. Аймгийн Хөдөө аж ахуйн газарт энэ талаар чиглэл өгч ажиллаж байгаа.

Саяхан Монгол Улсын Засгийн газраас аймгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Аймаг, сумын хэмжээнд хадлан тэжээлээ бэлтгэх, нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл ирсэн. Засгийн газрын тогтоолын дагуу аймаг өөрөө 200 тонн өвс, сум бүр 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх ёстой. Аймгийн хэмжээнд нийтдээ 1050 тонн өвс, 500 орчим тонн тэжээл бэлтгэх ёстой болж байгаа. Эхний ээлжид дотоодын нөөц бололцоогоороо 600 тонн өвс бэлдсэн. Үлдсэн 400 орчим тонн өвсийг зэргэлдээ аймаг буюу Ховд, Увс аймгаас бэлтгэхээр төлөвлөсөн.

Говь-Алтай аймагт хуучин 17 услалтын систем байсан. Түүнээс улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж хоёрыг нь сэргээж хадлан тэжээлийн талбайг нэмэгдүүлж ажиллая гэдэг хүсэлтээ Засгийн газарт өгсөн. Цаг уурын байгууллагаас энэ өвөл хүйтэрч, цас их унаж магадгүй гэж анхааруулж байгаа учраас бэлтгэл ажлыг эрт хангахыг бодож байна.

- Малын бэлчээрийн даац хэр байгаа вэ?

- Бэлчээрийн даац сүүлийн жилүүдэд өндөр ачаалалтай байна. Аймгийн хэмжээнд 3-5 хувиар бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг тооцоо гарсан. Тийм учраас малчдыг аль болох хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас малчдыг өвс тэжээл бэлтгэх тал дээр нь анхаарч байна. Энэ жил зуншлага манай аймгийн хэмжээнд гайгүй байсан. Нийт газар нутгийн 40 орчим хувь нь зунтай, 60 орчим хувь нь хэвийн байгаа гэсэн мэдээ бий. Дотоодын хадлан тэжээлээр аймгийнхаа нөөцийн өвс тэжээлийг хангачих байх гэж бодож байна.

- Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

- Энэ оны зургаадугаар сард аймгийн Засаг даргын захирамж гарч, цэвэр ус, дулаан хангамжийн асуудал, цахилгаан дамжуулах ажил дээр анхаарах чиглэл өгсөн. “Алтай-Улиастай эрчим хүчний систем” гэж хоёр аймгийг цахилгаанаар хангадаг төрийн өмчит компани манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Завхан-Говь-Алтай чиглэлийн шугамын өргөтгөлийн ажлыг хийгээд дууссан. Мөн Улаангомын усан цахилгаан станц бэлтгэл ажлаа хангаад үйл ажиллагаа нь хэвийн байгаа. Тус цахилгаан станц нь нийтдээ Завхан аймгийн болон манай аймгийн нийт  30 гаруй сумдыг цахилгаанаар хангаж байгаа. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван багт төвлөрсөн цахилгаан дамжуулах шугам тавьсан.

Мөн Тайшир сумаас аймгийн төв рүү 110 кВт-ийн шугам улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой. Энэ ажил жаахан хоцрогдож байгаа. Саяхан бид хотод очиж, Эрчим хүчний дэд сайдад хүсэлтээ тавиад ирсэн. Аймгийн төвийн дулаан хангамжийн 90 орчим хувийг “Мандал Голомт” компани хангадаг. Өнгөрсөн есдүгээр сарын 15-аас дулаан өгөөд хэвийн ажиллаж байна. Тус компани цуухныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шинээр хоёр цуух оруулж ирсэн. Цуухнуудыг байршуулах газрын асуудлыг захирамж гаргаад шийдээд явж байна. Нүүрс татан авалт 30 орчим хувьтай. “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайгаас нүүрс татан авалтыг ойрын хугацаанд зохион байгуулахыг холбогдох хүмүүст чиглэл болгон өгсөн. Аймгийн төвд борлуулж байгаа нүүрсний үнийг багасгах тал дээр тухайн нүүрсний уурхайн компанитай гэрээ хэлэлцээр хийж байна. Манай аймагт нэг портер машин нүүрсний үнэ 160-200 мянган төгрөг байдаг. Нүүрсний үнийг аль болох багасгаж 120 мянга болгох тал дээр ярилцсан. “Хөв булаг”-ийн уурхайгаас авах нүүрсний анхны үнийг бууруулах тал дээр ярилцаж байгаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top