Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай 2020 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан цалин тэтгэмжийн нэмэгдлийн талаар ярилцлаа.
-МҮЭХ 2020 оны төсвийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Эрүүл мэндийн салбарын ажилчдын зүгээс төсвөө нэмэгдүүлэх шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүллээ. Ирэх онд сонгууль болно гэдэг утгаараа төсвийн зарлага анхаарал татаж байгаа. Төсвийн төсөл дээр танай холбоо ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Өнгөрсөн жил Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт уулзалтаар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг маш тодорхой болгосон. Тухайлбал, боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын нэмэгдлийг өнгөрсөн жил төсөв хүрээгүйн улмаас орхигдуулсан. Энэ асуудлыг нэгдүгээрт шийдвэрлэх шаардлагатай. Мөн Засгийн газраас цалингийн санг 180 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж байгаа. Гэвч олон сургууль цэцэрлэг шинээр ашиглалтад орж буйтай холбоотойгоор ажилчдын тоо нэмэгдэнэ. Энэ хэрээрээ төсөвт нэмэлт ачаалал ирнэ гэсэн үг. Үнийн өсөлттэй уялдуулан цалингийн хэмжээг 18 хувиар нэмэгдүүлнэ гэж байгааг салбар хариуцсан яамдууд маш сайн нягтлах ёстой. Төсөв батлагдсаны дараа төсөв нь хүрдэггүй тохиолдол бий. Энэ жил нэмэгдэл, урамшууллын сан хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар маш олон гомдол санал ирсэн. Хэдэн зуун сая төгрөгөөр дутдаг. Сангийн яам тоон өгөгдлөө өргөн барьдаг, батлахдаа хасчихдаг. Энэ нь эргээд хөдөлмөрийн маргаан болдог. Жагсаал цуглаан, ажил хаялт үүнээс эхтэй. Ийм зүйл гаргахгүйн үүднээс төсвөө маш сайн нягтлаарай гэдэг байр суурьтай байгаа. МҮЭХ төсвийн төсөлд өгөх саналаа өнгөрсөн долдугаар сард дахин хүргүүлсэн. Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор цалингийн дундаж хэмжээг зайлшгүй нэмэх шаардлагатай.
-Цахилгаан дулаан гэх мэт суурь үнэ нэмэгдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнэ дагаад өсчихлөөр цалин тэтгэврийн нэмэгдэл хангалттай байж чаддаггүй. Энэ асуудлыг тусгаж авч үзсэн үү?
-Цалинг нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдэг байдлаар манай улстөрчид ярьж эхэлсэн. Гэхдээ худлаа гэдгийг нь өнгөрсөн таван жилийн хугацаанд харсан шүү дээ. Цалин нэмэгдээгүй гурван жил болоход, инфляц харин ч өндөр өссөн. Цалин хөлс бодитоор нэмэгдэхгүй байгаа нь эргээд эдийн засгаа тэтгэх боломжийг хязгаарлаж өгсөн. Энэ хэрээрээ татварын орлого буурна гэдэг талаас нь хараасай. Цалинг бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давж нэмэгдүүлэхгүй болохоор иргэдийн бодит амьжиргаа өсөхгүй байна. Ядуурлын түвшин 29 хувь хэвээрээ байна. Ядуурлыг бууруулахын тулд бага, дунд орлоготой иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, одоогийн орлогыг нь хамгаалахгүй бол 29 хувь 30-40 хувь руу орохоор нийгмийн маш олон сөрөг үр дагавар авчирдаг. Үнэ тарифыг ч тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй. Шатахуун, түлш, цахилгааны үнэ тариф 24 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Эдгээрийг үнийг зөвшилцөлгүйгээр шууд алдагдалтай байна гэдэг байдлаар нэмж байгаа нь буруу. Суурь үнэ гэдэг утгаараа инфляцыг өдөөснөөр эргээд үүнээсээ их өртөг төлөх магадлалтай. Тэр ачаа нь ард түмний нуруун дээр ирнэ. Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажилласныг болиулж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ суурь үнийн нэмэгдлийг татвар төлөгч ажил олгогчид, ажилчдын төлөөлтэй зөвшилцөж, ойлголцох замаар шийдвэрлэхгүй бол эргээд эдийн засагтаа савлагаа болох магадлал өндөр. Ирэх жил сонгуулийн жил учраас улстөрчдийн зүгээс төсөвт шинээр ачаалал үүсгэж буй тохиолдол бий. Эдгээрийг төсөвтөө ачаалал өгөлгүйгээр шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт гэдэг зүйлийг цалинг нэмэгдүүлэх замаар л хийх боломжтой шүү дээ. Маш олон залуус ажил олдохгүй итгэл алдраад, ажил олдсон ч цалингаа өгдөггүй. Бага үнэлгээтэй учраас гадаад руу маш олноороо гарч байгаа. Эргээд Монгол Улс хүний нөөцийн хомстолд ороод эхэлчихлээ. Ажил олгогчид яг мэргэжилтэй боловсролтой ажилчид шаардлагатай байна гэдэг. Нөгөө талаас нь харвал, ажил олгогчид санхүүгийн хүндрэлтэй, олон сүлжээгээр өрийн дарамтад орчихсон учраас цалингаа цагт нь тавьж чаддаггүй тохиолдол байна. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг ч төлж дийлэхгүй байгаа.
-Нийгмийн даатгалын шимтгэл үе шаттай нэмэгдэж байгаад МҮЭХ ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсээр байгаад цалингийн санд таван хувь болчихлоо. Одоо ажил олгогчдод цалин хөлсөө нэмэгдүүлэх сонирхол буурч байна. Төрийн албан хаагчдаас гадна хувийн хэвшилд олон мянган ажилчин бий. Хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэхэд нийгмийн даатгал дарамт болж ирдэг. ОУВС-тай хийсэн гэрээ 2020 онд дуусна. Нэгэнт эдийн засаг тогтворжсон нөхцөлд жижиг, дунд бизнес эрхлэгчид, ажил олгогчдын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч байгаа шимтгэлээ багасгах, бааз суурийг нь өргөтгөх шаардлага байгаа.
-Хувийн хэвшил бол хамгийн том ажил олгогч. Эдийн засагт тодорхой сэргэлт ажиглагдаж байна гэж дээр дооргүй ярьж байна. Тэгэхээр одоо авч буй татвар, шимтгэлээ нэмсэн шигээ тодорхой хэмжээнд бууруулах бодлого хэрэгтэй болж ирлээ. Энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн үү?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан. Шаардлагаа ч хүргүүлсэн. Гишүүн байгууллагуудын хувьд ч хүлээлтийн байдалтай байгаа. Ямартай ч энэ оныг дуусгая. Эдийн засагт тогтворжоод, төсөв ашигтай гарах болсон нөхцөлд Нийгмийн даатгалын санд хүндрэл учруулж буй бусад эх үүсвэрээ шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол маш олон байгууллага хоёр тайлантай болж эхэлж байна. Ажилчид эргээд нийгмийн даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Олон жил бага шимтгэл төлсөн иргэд сүүлийн таван жилээ өндөр төлөөд тэтгэвэрт гардаг явдлыг зогсоох нэрийдлээр олон ажилчинд хохиролтой арга хэмжээ авах болсон. Тэтгэвэр тогтоодог хугацаа таван жил байсныг долоон жил болгож байгаа. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлээ шударга төлж буй иргэдэд хохиролтой тусч эхэлсэн. Ирэх нэг дэх өдөр манай салбар байгууллагууд энэ асуудлуудаар харьяа яамд болон газруудад шаардлага тавьж ажиллана. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл хүлээгдээд таван жил болж байна. Үндсэн хуулийн дараа орох чухал ач холбогдолтой бичиг баримт шүү дээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг шударга хийхгүйгээр явцуу эрх ашгийн хүрээнд хийвэл, үйлдвэрчний эвлэлийн байгууллага далайцтай эсэргүүцэл илэрхийлнэ. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хамтраад таван жил хийсэн ажлыг хэсэг бүлэг гишүүд гацаасан. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил тайлбар өгдөггүй. Гадаадын байгууллага манай хөдөлмөрийн хуулийг захиалж байна гэдэг нь дэндүү шударга бус явдал.
-МҮЭХ зээлийн хүүг бууруулах асуудлаар тодорхой шаардлага хүргүүлсэн. Тэр юу болсон бэ?
-Арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр байдаг. Дээр нь ашгаа нэмж байна гэдэг шалтгаанаар зээлийн хүү 18-20 хувиас буухгүй байна. Тиймээс гадаадын хямд эх үүсвэрийг нээлттэй оруулж ирэх шаардлагатай. Энэ их үнэтэй мөнгөөр бизнес эрхэлнэ гэдэг бол бүтэхгүй зүйл. Ажил олгогчид ажилчдынхаа цалин тавиад, үлдсэн ашгаа зээлийн хүүнд төлж дуусгадаг. Үүнд тодорхой шинэчлэл хэрэгтэй. Хамгийн өндөр хүүтэй мөнгийг монголчууд л хэрэглэж байна. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зүгээр нэг банк хямд эх үүсвэртэй аваад хэрэглэчихдэг. Гэтэл иргэд цалин, тэтгэврийн зээл авахдаа жилийн 20 хувийн хүү төлж байна.
Сэтгэгдэл ( 0 )