С.Эрдэнэбат: НДШ-ийг нэмчихсэн байхад төлөхгүй хаачих вэ гэсэн байдлаар хандаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр хууль батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа.  Иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй уг шимтгэлийн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцалбал ОУВС-гийн хөтөлбөр зогсоно хэмээн Сангийн сайд мэдэгдээд байгаа. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд уг нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх болсон. Үүнд МҮЭ ямар байр суурьтай байна вэ?

-ОУВС Монгол Улсын Засгийн газарт зардлаа тана, олж болох орлогоо нэмэгдүүлэх төсвийн алдагдлаа багасгах үндсэн шаардлага тавьсан ингэхдээ тухайн улсын иргэдийн нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Мордохын хазгай гэгчээр манай засаг төр өөр төрлийн татварын боломжоо бүрэн ашиглаагүй. Нийгмийн даатгалын санд төлдөг нөхөн төлбөрөө алдагдал, татаас мэтээр ойлгуулж шимтгэл, нас, тооцох аргачлалын хугацааг нэмсэн.

Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ сан төрөөс 600 тэрбум төгрөгийн татаастай оршиж байгаа гэдэг. Үнэндээ  алдагдал биш шүү дээ. Нийгмийн даатгалын санд тодорхой хөрөнгө хуримтлуулаагүй байсан 1995 оноос өмнөх иргэдэд тэтгэвэрт олгож байгаа нөхөн төлбөр юм. Нийт тэтгэвэр авагчдын 65 хувийг эдгээр хүмүүс эзэлж байгаа. Мөн цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр болон 80 хувиар тэтгэвэр тогтоолгож байгаа асуудалд төлбөрийг төр хариуцдаг. Эдгээр иргэдийн нөхөн төлбөрт Нийгмийн даатгалын санд өгдөг. Хамгийн гол нь иргэдийн ажилласан жилийг нэг удаадаа нөхөн тооцно гээд 1990 оноос эхлүүлэн нийт 11 жилийг нь 78 мянган төгрөгөөр тооцоод эргүүлээд тэтгэвэр авч байгаа хүмүүсийн нөхөн төлбөрөөс болоод алдагдал хүлээгээд байгаа юм. Энэ алдагдлыг улстөрчид Засгийн газар, УИХ өөрсдөө гаргаж үүсгэсэн. УИХ өөрөө сонгогчдын саналыг авах гэж хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлж байна гээд нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн нуруун дээр ачааг үүрүүлж болохгүй. Одоо малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхөн даатгалын тухай хууль хэрэгжих гээд хүлээгдэж байна. Үүнийхээ төлөө нөхөн төлбөр өгөх ёстой. Бас л Нийгмийн даатгалын санд дарамт болно. Авч хэрэгжүүлж байгаа нийгмийн хамгаалал нь хэрэгтэй ч НДС–тай хутгаж болохгүй төр баялгийн сан өөр эх үүсвэрээс гарах зардал төлбөрийг нь төлөх ёстой.

Засгийн газраас үүнийгээ ОУВС-д “Энэ бол манай эв нэгдлийн зарчим дээр явдаг тэтгэврийн сангийн алдагдал” гээд танилцуулчихсан. Харин бид ОУВС-тай уулзахад “Манай зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэм гэж хэлээгүй. Харин төсвийн алдагдлаа бууруул” гэсэн гэдгээ илэрхийлсэн. ОУВС тухайн улс орны иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг дордуулахгүйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилттой ажилладаг. Үүнийг засаж дахиад хэлэлцээрээ өөрчилж засч болно.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал 2017 оноос хойш яригдаж байгаа. Асуудлыг өмнө нь шийдэж болоогүй юм болов уу?

-Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байх үед тухайн үеийн Хөдөлмөрийн яам болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс огт асуухгүйгээр шимтгэл нэмэх асуудлыг шийдчихсэн. Ингээд дараагийн Засгийн газар гарч ирэхэд Ч.Хүрэлбаатар сайд “ОУВС-гийн хөтөлбөрийг хоёр жилдээ харъя. 2020 оноос нөхцөл байдал сайжрахаар асуудлыг эргэн яръя. Шимтгэлийг нэмж болсон юм чинь эдийн засаг сайжраад ирэхээр өөрчилж болно гэж хэлж байсан. Ингээд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээр дээр хүртэл өнгөрсөн тавдугаар сард байгуулахдаа нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн асуудлыг эргэн харж Засгийн газар, УИХ-д тавьж шийдвэрлүүлнэ гээд гарын үсгээ зурчихсан. ОУВС-тай ч гэсэн дахин хэлэлцээрт сууж болно гэж бодож байна. Олон орнуудаас дахин дахин хүүтэй зээл аваад байх ямар хэрэг байгаа юм. Дээрээс нь ашигт малтмалын татвараа буулгаад байх юм. Тансаг өндөр орлоготой хэсгээс татвараа нэмж болно. Нийгмийн даатгалын сангаа мөнгөжүүлж төр өгөх ёстой мөнгөө өгөх хэрэгтэй. 10 гаруй их наяд төгрөгийг төр өгөх ёстой гэдэг тооцоо өөрсдөө ярьдаг.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр ямар сөрөг нөлөө гарна гэж үзэж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлснээр ажлын байр хумигдана. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс цалингаа өсгөхгүй байх, нуун дарагдуулах зэрэг сөрөг үр нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Иргэдэд ч гэсэн жил бүр цалингаас нь суутгал нэмэгдээд байхаар дургүй л байна. Тэгээд ч Үйлдвэрчний эвлэлд маш их санал, хүсэлт, шаардлага ирж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээс цугларна гээд байгаа 174 тэрбум төгрөг нь долоон тэрбум болж цугларахыг ч үгүйсгэхгүй. Үндсэндээ Засгийн газар шимтгэл нэмчихсэн байхад төлөхгүй хаачих вэ гэсэн байдлаар хандаж байгаа. Гэтэл эдийн засгийн дам болон шууд сөрөг нөлөө их гарна. Бүр шимтгэл төлөхгүй байх бодлого барьж эхэлнэ.

-Үүнийг шийдэх ямар гарц байна вэ?

-Ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин хөлс нэмэгдэж байгаатай холбоотой нийгмийн даатгалын санд мөнгө нэмэгдэж орж ирнэ. Дээрээс нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг албан журмын даатгалд даатгуулах шаардлага байна. 20 хүрэхгүй хувийн даатгал төлчхөөд тэтгэвэр авах болохоороо нөхөөд төлчихнө гэдэг байдлаар хандаад байхаар Тэтгэврийн сан алдагдалтай ажиллалгүй яах вэ дээ. Ийм боломжуудыг ашиглахгүй бол ирээдүйд дахиад шимтгэлийг нэмэх байдал гарахыг ч үгүйсгэхгүй. Төсвөө танаж, төсвийг нэмэгдүүлж байгаа тансаг зардлуудаа хасах боломж бий. Ирээдүйд тавьж байгаа хүүтэй зээлүүдийг хүртэл болих хэрэгтэй. Бидэнд сонголт олон бий. Гэтэл Засгийн газар, УИХ асуудлыг нэг талаас нь л хараад байна.

-Хуульд Ерөнхийлөгч хориг тавих тухай дуулдаж байна. Хэрэв тэгвэл хоригийг УИХ хүлээж авах болов уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдлээд хориг тавьчих юм бол 2020 оныхоо асуудлыг л түр хойш тавьж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн хуулиа өөрчилж болно. Харин хориг тавихгүй тэр чигээрээ төсөв батлагдсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж болохгүй болно. УИХ ард түмнийхээ төлөө ажилладаг бол уг хуулиа эргэн харах учиртай.

-Алдагдалтай ажиллаад байгаа Нийгмийн даатгалын сан “Капитал” банканд 104 тэрбум төгрөгөө алдчихаад байгаа. Үүнийг олж авах талаар арга хэмжээ авч болдоггүй юм болов уу?

-Энэ асуудлаар бид Монголбанктай уулзсан. Банкны тухай хуулийн 73.1.5-д заасны дагуу Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 240 тэрбум төгрөгийг хадгаламж гэсэн ангилалд багтаахгүйгээр Засгийн газарт төлөх өр төлбөр болгож хойш татаж байгаа юм билээ. Энэ зарчмаар явбал дээрх мөнгийг олж авах боломжгүй болно. Үндсэндээ “Капитал” банкны нийт хадгаламжийг дараад, өр төлбөрийг төлүүлэхэд 200-аад тэрбум төгрөг дутах гэж байгаа. Харин дутаж байгаа мөнгө нь Нийгмийн даатгалын сангийн мөнгө болох гээд байгаа юм. Уг нь олон хохирогчтой хадгаламж гэдэг утгаар нь эн тэргүүнд барагдуулах хэрэгтэй. Анхнаасаа байгууллагын хадгаламж хэлбэрээр байршуулж байсан хөрөнгө шүү дээ. Гэтэл Засгийн газарт төлөх төлбөр гэж байгаа нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг замхруулж завших хуйвалдаан гэж харж байна. Олон нийтийн мөнгө эзэнгүй болохоор хөөцөлдөөд явах хүнгүй гэж үзэж байгаа бололтой. Энэ асуудлаар МҮЭ-ээс Монголбанканд шаардлага хүргүүлж байгаа. Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум Эрүүл мэндийн сангийн 136 тэрбум төгрөг дансанд хэвтээд байна. Хэрэв банканд хадгалуулсан бол сард 3 тэрбум төгрөг олох боломжтой байсан. Өдөрт 100 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Хэрэв энэ мөнгийг олж авъя гэвэл шүүхээр явсаар байгаад таван жил болно. Хүүгийн алдагдлыг нь тооцоод үзэх юм бол нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр орж ирэх 174 тэрбум төгрөг хялбархан ороод ирэх боломж байна. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд мэдэж л байгаа. Гэтэл албаар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг зогсоосноор ОУВС-ийн хөтөлбөр шууд зогсоно гэж мушгисан тайлбар хийж байна. Үүний оронд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан гэрээгээ шинэчлэх хэрэгтэй. Сангийн сайд ОУВС-г төлөөлж яриад байгааг гайхаж байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан байхад асуудлыг дахин ярьж болно. Бид Үндсэн хуулиа хүртэл өөрчилж болж байхад 2017 онд байгуулсан гэрээ, НДШ нэмснийг өөрчилж болно шүү дээ.

Мөн 30-40 жил тэтгэврийн даатгал төлчхөөд тэтгэврээ тогтоолгож чадахгүй нас барсан иргэнд ганц ч сарын тэтгэвэр нөхөн олговор олдохгүй байгааг юу гэж ойлгох уу... Ядаж төлсөн жилтэй нь тэнцэх хувиар ар гэр үр хүүхдэд нь нөхөн тэтгэвэр олгох ёстой. Мөн ЭМД-ын шимтгэл төлчхөөд өвдөж зовохоор оочер дугаар ихтэй хувийн эмнэлэг рүү явах, хүнд өвчин тусвал гадаад руу явах болж хамаг хөрөнгө мөнгөө зарцуулж гуйлга гуйх хэрэгтэй болж байна. Гэтэл ЭМД санд 100 тэрбумаараа хүү алдангигүй хэвтэж байдаг нь шударга ёс уу. Үүнийг элдэв янзаар харж хялайх хэрэггүй. Энэ бол нийгмийн захиалга, бодит үнэн. Ганцхан шимтгэлийн асуудал биш тогтолцоо, засаглалын асуудал ч давхар ярьж байгаа. Цаашдаа засаж сайжруулъя л гэж Үйлдвэрчний эвлэл тэмцэж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top