Ж.Батсуурь: Монгол Улсын бүх усны орц найрлагыг тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Нийтийн хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Монгол Улсын цэвэр усны аюулгүй байдал ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Ундны усны чанар, аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Хүн эрүүл амьдаръя гэвэл стандартын шаардлага хангасан ундны ус хэрэглэх ёстой. Гэхдээ усаа цэвэршүүлж байна гээд эрдсийг нь хэт шүүчихсэн ус хэрэглэсэн тохиолдолд эрдсийн дутагдалд ордог. Нян бактериар борлогдсон ус уувал өвчилнө. Манай зөвлөлөөс Монгол Улсын ундны усны мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар ажиллаж байна. Аймаг, сум болгоны ундны усны найрлагыг хими, микро элементүүдийн орцтойгоор нь иж бүрэн шинжилсэн нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Ингэснээр Засгийн газар усны аюулгүй байдлын төлөвлөгөө гаргаж ажиллах боломжтой. Үр дүнд нь үнэхээр зарим газрын усыг хэрэглэхэд тохиромжгүй бол хаах, стандартын шаардлага хангасан ундны усаар хангах ажлыг яаралтай зохион байгуулах боломжтой.

-Иргэд хашаандаа гүний худаг гаргаж ус хэрэглэх нь нэмэгдсэн. Энэ нь хэр баталгаатай ус вэ?

-Зарим газарт 30-40 метрийн гүнтэй цэвэр усны худаг гаргачихаад цэвэр ус ууж байна гэж ойлгох нь бий. Төв суурин газарт энэ нь эндүүрэл. Хажуу айлынхаа нүхэн жорлон, муу усны нүхээр бохирлогдсон ус ууж байгаа хэрэг. Үүнээс ард иргэдээ хамгаалах ёстой. Нэгдсэн мэдээллийн сантай болсноор хүмүүс энэ чиглэлийн мэдээлэлтэй болно. Ус нь 100-аад химийн элемент агуулдаг. Монгол Улсын бүх усны орц найрлагыг тогтоох чухал ач холбогдолтой. Усаар бүх төрлийн хорт хавдар үүсгэгч дамждаг. Хүний хөгшрөлтийг түргэтгэдэг элемент хүртэл агуулдаг ус манайд бий. Хүн эрүүл байя гэвэл чанартай ус уух ёстой. Монгол Улс 2018 онд ундны усны стандартыг шинэчлэн тогтоосон. Энэ стандартад нийцсэн ус уух эрхээ хамгаалуулахын төлөө иргэд тэмцэх ёстой.

-Монгол Улсын хэмжээнд хамгийн чанартай ус хэрэглэж байгаа ямар аймаг байна вэ?

-Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хэрэглэдэг усыг нэрлэх байна. Сэлэнгийн сав газраас 60 км-ээс усаа татаж хэрэглэдэг. Гэхдээ Эрдэнэтэд оршдог боловч нэгдсэн шугам сүлжээнээс ус хэрэглэж чаддаггүй гэр хорооллын иргэд бий. Тэд бохирлогдсон ус хэрэглэж байгаа. Дархан хотын гэр хорооллын иргэд мөн хөрсний бохирдлын нэвчилттэй ус хэрэглэгдэг. Усны чанар тааруу аймгуудын хувьд Сүхбаатар аймаг байна. Говийн аймгуудын усны чанар муу шүү дээ. Гэтэл говьд маш том уурхай, үйлдвэрүүд баригдаж байна. Говьд гүний усыг их хэмжээгээр удаан хугацаанд ашиглах нь ирээдүйгүй хувилбар. Бороо, цас зэрэг гадаргын усыг хуримтлуулаад ашиглаж болно. Хэрэглэсэн усаа дахиж ашиглах гэдэг гарц бий.

-Улаанбаатар хот цэвэр усны хэчнээн жилийн нөөцтэй вэ?

-Ард түмнийг айдаст автуулах хэмжээнд хүрээгүй байгаа. НҮБ-аас гаргасан жагсаалтаар Монгол Улс 87 дугаар байрт цэвэр усны хязгаарлагдмал нөөцтэй орон гэж явдаг. Нөөцөө зөв зарцуул, ариг гамтай хэрэглэ гэсэн үг. Мөн гадаргын усыг хуримтлуулах, цэвэрлэсэн усаа дахин ашиглахыг зөвлөдөг. Өнөөдөр бид гүний усыг хэрэглэж байна. Гүний ус нөхөгддөггүй. Гүний усыг ашиглах тусам бороо хур татарч, цөлжилт явагддаг. Ихэнх улс гүний усаа ашигладаггүй. Германд гэхэд хоёр уулын дунд дахь жижиг горхийг хааж хуримтлуулаад цэвэршүүлж хэрэглэдэг. Тэнд асар их хөрөнгө зардаг.

-Улаанбаатар хот гадаргын усан сан байгуулна гэж олон жил ярьсан шүү дээ?

-Олон төсөл яригддаг. Хэрлэн голоос говь руу ус татах тухай ч ярьдаг. Энэ бүхэнд онцгой анхаарал хандуулж, хийх ёстой. АНУ-ын Мянганы сорилтын сангаас 350 сая ам.доллар буцалтгүй тусламж хэрэгжихээр болсон. Дээр нь Монголын талын хөрөнгө оруулалтаар 460 гаруй сая ам.доллараар Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлж,  Сонгины сав газарт шинэ гүний усны шинэ нөөцийг бий болгох мөн цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн саарал усыг дахин ашиглах зэрэг төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Иргэдийн хэрэглээний усны үнэ тарифыг буулгах боломж бий юу?

-Бид ундны усны үнэ гэж яриад сурсан. Үнэндээ усны үнийг тооцохгүй байгаа. Гэтэл дэлхий дахинд усны үнэ нэмэгдээд л байна. Улаанбаатараар жишээ авахад усыг олборлоод төв сангаар дамжуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд 600 гаруй км шугам сүлжээгээр дамжуулан иргэдэд хүргэдэг. Мөн 680 гаруй ус түгээх байр бий. Эдгээр ус хүргэнэ. Жилээс жилд шугам сүлжээгээ өргөтгөж олон түмэнд ус хүргэж байна. Айлд хүргэсэн усаа буцаад бохирын шугамаар хүлээж авдаг. Халуун усыг тусгай шугам сүлжээгээр хүргэнэ. Энэ бүхэнд 1800 гаруй хүн ажилладаг. Урсгал засвар, шинэчлэл гээд гарч байгаа зардлыг хэрэглэгчээсээ авдаг. Гэхдээ алдагдалтай ажилладаг. Алдагдлаа нөхье гэвэл ард иргэдийн ачаа нэмэгдэх болно. Тиймээс байнгын төрийн дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, төв цэвэрлэх байгууламж барих 300 сая ам.долларыг бид иргэдийнхээ хэрэглээнээс цуглуулж болохгүй шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top