Аймаг засаглаж байсан нөхдөөс цөөнгүй нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан. Тэдний нэг бол Сүхбаатар аймгийн Засаг дарга асан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь юм. Түүний хувьд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2013, 2014, 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр 398.3 саяас 2,872,105,000 /хоёр тэрбум найман зуун далан хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгтэй хэмээн орлогоороо тэргүүлж байсан лут баян хүн. Эндээс харахад чамгүй баян засаг ноёдын нэг байсан нь харагдана.
Түүнийг ийнхүү хөрөнгө мөнгөөрөө засаг ноёдыг тэргүүлж явах үед буюу 2014 онд “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл”, “Босоо Хөх Монгол” гэх мэт Төрийн бус байгууллагууд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын иргэдтэй уулзалт зохион байгуулсныг санаж байгаа байх. Тухайн үед Засаг дарга Ж.Батсуурийг гарч ирж, Сүхбаатар аймаг дахь лицензийн талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлхийг шаардсан ч гарч ирээгүй юм. Францын төрийн өмчит “Арева” компанийн охин компани болох “Кожеговь” нь тус аймгийн ихэнхи суманд ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд үйл ажиллагааныхаа явцад хууль дүрэм зөрчөөд удаж байгааг ч дуулгаж байв. Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны төлөөлөл хэлэхдээ “Энэ үйлдлийг Ж.Батсуурь дарга таслан зогсоохгүй байгаа нь авилга авсан гэх хардлагыг төрүүлж байгаа учраас АТГ-т хандаж шалгуулахаар болсон” хэмээн мэдээлэл хийж байсан даа. Ийнхүү Төрийн бус байгууллагынхан түүний талаар “Шүгэл” үлээж, эцэст нь АТГ-т шалгуулах болсон юм.
Ингээд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Сүхбаатар аймгийн санхүүгийн тайланд шалгалт хийхэд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч хэн нь хариуцлага үүрэх вэ гэсэн нөхцөл байдал бий болжээ. Тодруулбал, 2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.
Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна. Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт-Ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.
Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлжээ. Хамгийн хачирхалтай нь тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байгаа нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд тус аймгийн удирдлагууд нэлээд хөрөнгө мөнгөтэй дарга нарын тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.
Тухайн үед АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлаж, аймгуудын Засаг дарга нарын хөрөнгийг ил болгож байсан билээ. Энэхүү мэдүүлэгт олны нүдийг орой дээр нь гаргасан хүн бол яах аргагүй Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь. Тиймээс л түүнийг “Аймгаасаа баян засаг ноён”-ы жагсаалтын тэргүүнд хэвлэлүүд онцлон мэдээлж байсан билээ. Эндээс түүний энэ их хэмжээлшгүй хөрөнгө хаанаас бий болов гэсэн асуулт гарч ирж байсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шалгалт хийсэн Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын алба, гүйцэтгэлийн аудитынхан яагаад дээрх найман тэрбум гаруй төгрөгийн зөрчлийг илрүүлээгүй вэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Мөнхүү Төмөртэйн цайрын ордыг эзэмшдэг "Цайрт минерал”-аас 2009 онд татварт хоёр тэрбум төгрөг авсан ч нэг тэрбум 500 саяыг татварт авдаг гэж Ж.Батсуурь тайлбарлажээ. Нуусан 500 сая төгрөг яав. Мөн "Цайрт минераль” компани төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хоёр зуун сая төгрөгийг 2011 онд өгсөн ч энэ мөнгө эзэддээ очоогүй гэх мэт олон асуудал хөндөгддөг.
Ямартай ч тэр 2016 оны сонгуульд нэр дэвшиж, улмаар өвдөг шороодсон. Аймгийн Засаг даргынхаа суудлыг ч өгсөн. Үүний дараа түүнийг тодорхой асуудлаар АТГ-аас шалгаж байсан ч 2017 оны эцэс гэхэд сураг алдарсан. Тухайн үед Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг хэргээс “мулталсан” гэх таамаг мэдээлэл байдаг. Хэрвээ энэ үнэн бол Х.Баттулгын “мулталсан” гэх Ж.Батсуурийн хэргийг сэргээн шалгах болов уу. Яагаад гэхээр Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг тун амжилттай хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр энэхүү ажиллагаа хэн нэгнийг өршөөхгүй, бас өрөвдөхгүй учраас өртөж л таарна. Ж.Батсуурийн хувьд өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө буюу 1997 онд Сүхбаатар аймгийн АН-ын дарга болж, 2017 он хүртэл 20 жил ажилласан хүн. Ингэхдээ аймгийг найман жил засагласан дарга гэхээр их бага хэмжээнд хөрөнгө мөнгөний асуудал байж таарна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Аймгаасаа баян булай дарга.аймагт орох байсан хөрөнгийг хувьдаа завшаад баяжаад л ард иргэд нь цөлмүүлээд ядуураад байсан байна шалгаж хөрөнгийг нь хураах хэрэгтэй.АН гэсэн сэтэртэй хүмүүс ууж идэхдээ уургын морь шиг байх юм. АН-с аймгийн засаг дарга хийж байгаа хүн бүрийг шалгах хэрэгтэй идэж уусан нь тодорхой.орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулын дараа намар хийж байх нь зөв.ард иргэд бид УИХд гарсан намын хүнээ орон нутагт сонгоно хамтарч ажиллаад аймаг сумаа хөгжүүлнэ байх.
Болзлоо хангачихсан нөхөр байна.
ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭЖ ....
БАТСУУРИЙН БУЛХАЙ Ч ИХ БИЙ ДЭЭ \n
ovoo luivarchnuu gui yu sayhan deeremchidtei niilsen gangster batsuuri geel garaad bsan