Малын хулгайтай тэмцэх хуулийг чангалах ёстойг захив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

Төрийн ордны их танхимд өнгөрсөн пүрэв гаригт “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын анхдугаар чуулган болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтыг “Зундуй дорж сан”, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ-аас зохион байгуулсан юм. Чуулганд 21 аймаг, 327 сумын төлөөлөл оролцсон чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хөдөө аж ахуйг анхаарлынхаа төвд байнга байлгах болно. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өндийж байж, уул уурхайгаас илүүтэйгээр олон хүний амьдралд хэрэгтэй гэдэг миний итгэл үнэмшил арилахгүй.

Малчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал мал аж ахуйг хөгжүүлэх бодлого өрөөсгөл болно. Энэ удаад сэтгэл түгшээсэн нэгэн асуудлыг хөндөж, Та бүхэнтэй санал бодлоо солилцох нь зүйтэй гэж үзлээ. Малчдын амьжиргаа, орлогынх нь эх үүсвэр, өмч хөрөнгө болсон малыг хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос тогтмол нэмэгдэж, 2019 оны нэг дүгээр улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өсжээ. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа юм. 2017 онд малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдэж байсан бол 2018 онд 1096 болж өсжээ. Амьдрал дээр цөөн тооны мал хулгайлсан этгээдэд шүүхээс хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нь хязгаарлах, торгох төдийгөөр шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгэгдсэн гэмт этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа хулгайд алдсан иргэд хохирч үлдэж байна” хэмээн онцолжээ.

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх малчдын анхдугаар чуулганд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Х.Болорчулуун нараас гадна эдийн засгийн ухааны доктор С.Оюун, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, улсын аварга малчин О.Дорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нар оролцож илтгэл тавьсан юм. Энэ үеэр малчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин П.Тамир “Би 20 жил мал маллаж байна. Өнгөрсөн хугацаанд малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай байж ирлээ. Сүүлийн үед мал, махны үнэ өссөнтэй холбогдоод машин тэргээр хулгай хийдэг бүлгийн зохион байгуулалтад орсон. Хүн хүч, зав чөлөө муутай малчдын сул талыг ашиглаад техник, бүлэглэсэн хулгай их гарч байна. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Малчид ч саналаа хүргүүлсэн. Малын хулгай хийж байгаа хүмүүсийн ялыг чангатгах, торгуулийг өндөрсгөх, малын үнийг малчин өөрөө тогтоодог байх хэрэгтэй байна” гэдгийг онцолж байлаа. Харин Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар “Малчид бол Монголын нийгмийг бүхэлд нь тэжээж байгаа ард түмэн. Бид Улаанбаатар хотод амьдарч байгаа боловч эдийн засаг муудахаар малчиддаа ханддаг. Уул уурхай сэргэхээр малчдаа мартдаг. Хэний ч тусламж дэмжлэггүй амьдарч, Монгол орноо авч яваа хүмүүс бол малчин ардууд. Малчин түмнээ дэмжиж явах нь төрийн гэлтгүй Монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Малчид нийгмээс юу ч хүлээхгүй байгаа. Гэтэл малын хулгай малчдын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хүний хувийн өмчийг гэгээн цагаан өдрөөр хулгайлаад явж байна. Ялангуяа сүүлийн үед махны үнэ өсөж, энэ үйл явдал улам их гаарлаа. Малын хулгай 25 хувиар өссөн байна. 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Найман мал хулгайлсан хүнийг гэмт хэрэг биш гээд, түр ажил хийлгээд суллаад явуулдаг. Гэтэл гар утас хулгайлсан хүүхэд долоон жилийн ял аваад явж байна. Мал ч гэсэн малчдын өв хөрөнгө. Өнөөдөр малчид чуулж байгаа нь малчдын амьдралд нийцсэн хууль гаргуулах зорилготой. Хууль гаргах нь сайн боловч мөрдүүлэх нь хамгийн чухал. Хуулийг мөрдөх гэхээр малын хулгайг нотолж чаддаггүй. Ямар малыг хэн хулгайлсан нь мэдэж чадахгүй, нотолж чаддаггүй. Тэгэхээр үүнийг орчин цагийн технологийн хөгжлийг ашиглаж малчдыг малаа хамгаалах шинэ аргад суралцуулах нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцолж байсан билээ. Малчдын зүгээс малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах нь зөв гэдгийг хэлцгээж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.121) 2019 оны 10 сарын 26

20бог,8 бод хулгайлбал олонд тооцно гэсэн хууль баталсан гишүүн нэр зүүсэн хулгайидын ахлагч нарыг шийтгэх ёстой.тэд нар өөрсдөө хулгайч нар шүү.

0  |  0
Top