Үндсэн хуулийн өөрчлөлтийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн, баталлаа.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа УИХ төслийг ард нийтийн санал асуулгад оруулж, батлуулах нь зүйтэй хэмээн тогтож, “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын 73 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан тул Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд бүх асуудлыг 57-оос дээш тооны гишүүн дэмжсэнээр хоёр дахь хэлэлцүүлгийн дараах хувилбарыг нэгтгэсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “УИХ төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.” хэмээн тусгасан байдаг. Энэ дагуу холбогдох хэлэлцүүлэг явуулахад УИХ Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэн, энэ дагуу хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнд гарсан төсөл дээр Ард нийтийн санал асуулгад оруулах тухай нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн байна. Хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг хийн төслийн эхийг баталсан. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хүчингүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбар хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан учраас холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх болоод байгаа аж. Ингэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарт Ард нийтийн санал асуулгад оруулахаар бэлтгэхдээ санал хураан шийдвэрлэсэн хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг дахин санал хураан шийдвэрлэх болж байгаа аж. Гуравдугаар хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулах бөгөөд эцэст нь хуулийг бүхэлд нь батлах саналыг хураах хуулийн зохицуулалттай гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарласан.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 29 нь буюу 69 хувь нь дэмжин “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын дарга энэхүү тогтоолын уншиж танилцуулахад гишүүд тогтоолын эцсийн найруулгатай холбоотой санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top