Цахим сэтгүүлзүйн форум: Цахим орчинд ёс зүйгээ дээдлэе

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Цахим сэтгүүл зүйн салбарын ууган байгууллага болох Монголын Сайтын холбооны 10 жилийн ой өнгөрсөн бямба гарагт тохиолоо. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форумыг “Новотел” зочид буудалд зохион байгуулсан юм. Форумд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, сэтгүүлч, уран бүтээлчид, сэтгүүлч бэлтгэж байгаа их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд оролцлоо. 

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг форумыг нээж хэлсэн үгэндээ, цахим сэтгүүл зүй нь ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн байх шаардлага тавигдаж буйг онцоллоо. 

Форумд Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” сэдвээр асуулт, хариулт явуулж хэлэлцүүлэг хийлээ. Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын сайтын холбоог удирдаж, цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлсэн юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” илтгэлдээ “Сэтгүүл зүй өнөөдөр тун эгзэгтэй үедээ явж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хиймэл оюун ухаан, блокчэйн, дата гэж томьёолж байгаа ч эцсийн дүндээ их мэдээллийг боловсруулах ашиглахад тулгуурлан өрнөж байгаа юм. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн бизнес дэлхий нийтэд хамгийн ашигтай бизнест тооцогдож байна. “Форбес” сэтгүүл дээр гарсан мэдээллээр 40-өөс доош насны 29 тэрбумтны 12 нь буюу 41 хувь нь санхүүгийн ноёрхлоо хэвлэл мэдээллийн ертөнцөд тогтоосон байна. Тэдний хөрөнгө 75 тэрбум доллар юм. Тийм учраас технологийн хөгжлийг дагаад шинэ зүйлүүд бий болж байна. Гар утсыг дэлхийн долоо дахь мэдээллийн хэрэгсэл гэж судлаачид үзэж байна. Мэдээллийн технологийн дүр зургийг таах боломжгүйгээр хурдтай хөгжиж байна. Энэ үед хэрэглэгчийн  талаарх ойлголт өөрчлөгдсөн. Өмнө нь иргэд мэдээллийг хүлээн авагч байсан бол одоо хэрэглэгч болсон. Өнөөдрийн хүлээн авагч хэн болсон бэ гэхээр хэвлэл мэдээллийн хүлээн авагч бус сошиалд итгэдэг хэсэг бий болчихлоо. Хэрэглэгчид мэдээллийг үнэгүй авдаг муу зуршилтай. Өмнө нь сонин худалдаж авдаг байсан бол одоо мэдээллийг цахим орчноос үнэгүй авч байна. Сэтгүүлзүйтэй холбоотойгоор сошиал медиаг ярихгүй байхын аргагүй. Нийгмийн сүлжээ, дижитал сэтгүүл зүй нь нэг талаараа мэдээллийн төвлөрсөн хяналтыг саармагжуулж, сэтгүүлчдэд байсан эрх мэдлийг тэгшитгэж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох телевизэд зарцуулах цагийг онлайн видео мэдээлэл булаагаад авдаг болсон. Сошиал медиа сэтгүүл зүйтэй ингэж холилдсон учраас олон нийтийн сүлжээн дэх сэтгүүл зүй бий болж байна. Сошиал медиад зориулсан хэвлэл мэдээллийн формат бий болж байгаа. Тухайлбал үүний нэг жишээ нь “Товч” агентлаг юм. Нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл нь дээрх өөрчлөлтийг дагаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй сайтууд нь эдийн засгийн хувьд хүнд болж байгаа. Дижитал рекламын ихэнх хувь нь “Google”, Facebook“ рүү явчихлаа. Сошиал медиа, онлайн медиан орлого өндөр байна. Бидний уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, телевиз, радио, сэтгүүлийн рекламд оруулах мөнгө тун бага болсон. Тиймээс бид бизнесийн шинэ загваруудыг гаргаж ирэх шаардлага гарч ирж байна” гэлээ.

Б.ГАЛААРИД: ХЭРЭГЛЭГЧ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ЯЛГАЖ ЧАДДАГ БОЛОХ ЁСТОЙ

Форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” гэдэг асуудлаар, асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнөлөө. Худал мэдээллийг иргэд, уншигч, үзэгч олон ялгаж салгаж чаддаг, түүнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан иргэдэд үлгэрлэн, сургах ёстойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид “Анх цахим сэтгүүл зүй, олон нийтийн сүлжээ бий болоход дэлхий даяараа баярлаж байсан. Мэдээллийг хурдтай солилцох, эргэх холбоо үүсэж, иргэний сэтгүүл зүй хөгжих боломжтой болж байна гэж таатай хүлээж авч байсан. Одоо тэр сэтгэл хөдлөлийн маань үе өнгөрчихлөө. Технологийн хөгжил маань хүмүүсийн оюун ухаан, сэтгэхүйд муугаар нөлөөлөх сүүдэртэй тал байна. Цахим орчин дахь худал мэдээлэл газар авч байна. Түүний хамгийн бодитой жишээ нь Монгол орон. Яагаад гэхээр Монгол Улс интернэт хэрэглэгчийнхээ тоогоор Азидаа тэргүүлж байна. Гурван сая хүний хоёр сая нь интернэт, фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч болсон. Хүн амынхаа тооноос их гар утастай. Интернэт хэрэглэх хангалттай их зэвсэгтэй болсон. Гэвч зөв, аюулгүй хэрэглэх соёл алга. Цахим орчинд явж байгаа мэдээлэл аль нь үнэн, худал юм, хэрхэн ялгах вэ гэдэг талаасаа хэрэглэгч ямар ч ойлголт байхгүй байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллийг бодит үнэн гэж хүлээж авдаг байсан хэрэглэгч, тэр сэтгэхүйгээрээ цахим орчинд гарч байгаа мэдээлэл бүрийг үнэн гэж ойлгодог. Ийм эмгэнэлтэй байдалд байна. Дэлхий нийтээрээ мэдээллийн “цагаан толгой” гэдэг зүйлийг ярьж байна. Монгол Улс 1940-өөд онд хүмүүсээ бичиг үсгийн боловсролтой болгох гэж түр сургалт явуулж, бүгдэд нь цагаан толгойн үсэг зааж, нэрээ бичдэг, сонины мэдээ уншдаг болж байв. Яг түүн шиг иргэдээ цахим орчинд бэлтгэхгүй бол болохгүй юм байна. Дэлхийн улс орнууд аль хэдийн бодоод эхэлчихсэн. Мэдээллийн ийм хувьсгалыг эхэлснээс хойш мэдээллийн бичиг үсэг тайлагдах асуудлыг ярьж эхэлсэн. Худал мэдээллийг яаж ялгах талаасаа технологиуд ч бий болсон. Аппликэйшн ч гарсан байна. Нэг мэдээн дээр байгаа зургийг хаанаас анх яаж түгээсэн бэ гэдгийг нягтлаад олох боломж нь бүрэн байгаа. Идэвхтэй бүтээлч хэрэглэгч байх юм бол мэдээллийн үнэн, зөвийг ялгах боломжийг өгөөд байна. Харамсалтай нь мэдээлэл үнэн зөв нь чухал бус сенсацтай байна уу, үгүй юу гэдэг нь нэг номерын хэрэглээ болсон байна. Тэгэхээр бид хэрэглэгчдэд худал мэдээллийг ялгаж сурахад нь үлгэр дуурайлал болох ёстой” гэлээ. Форумд оролцогчид цахим орчинд мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх талаар сэтгүүлчдэд хандсан уриалга гаргасан юм. Мөн цахим сэтгүүл зүйд амжилттай ажилласан сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа.

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол  тэмдгээр Zindaa.mn сайтын Эдийн засгийн албаны дарга Э.Болорхажидыг, "Цахим элч"-ээр  MNB.mn сайтын админ сэтгүүлч н.Баянмөнхийг  тус тус шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top