Сирийн Үндсэн хуулийн хороо лхагва гарагт Женев хотноо үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Албан ёсны нээлтийн ажиллагаанд Сирийн засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгмийн тус бүр 50 төлөөлөгч, нийт 150 хүн оролцжээ.
Тус хороог Сирийн үндэсний хэлэлцээний их хурлаар 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Оросын Сочин хотноо баталсан тогтоолын дагуу байгуулсан юм. Үндсэн хуулийн хороо нь тус улсын үндсэн хуулийн төслийг боловсруулж, бүх ард түмнээр батлуулах зорилготой. Үндсэн хуулийн шинэчлэл хийснээр Сирийн улс төрийн зохицуулалт хийж, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2254-р тогтоолыг хэрэгжүүлэх боломж олгоно гэж үзэж байна. НҮБ тус хорооны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх хэдий ч үндсэн хууль батлах үйл явцыг сиричүүд өөрсдөө гүйцэтгэх юм.
Мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Сирийн засгийн газар анх удаа сөрөг хүчин болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, Сири дэх хямралын улс төрийн шийдвэрийг эрэлхийлэх болно гэж онцолжээ.
Ирэх сарын нэгний өдөр Женев хотноо Сирийн засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгмийн тус бүр 15 шинжээч багтсан нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй комисс мөн ажилдаа орох юм. Комиссын гишүүд хаалттай хаалганы цаана хуралдах бөгөөд хороо, комиссын гишүүд шийдвэрийг зөвшилцөх замаар гаргах юм. Сирийн үндсэн хууль бэлэн болсны дараа тус улсад шинэ үндсэн хуулийн дагуу сонгууль болох ёстой юм.
Сэтгэгдэл ( 0 )