"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлэг ДАРХАН-УУЛ аймагт үргэлжиллээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Хэнтий аймгаас эхэлсэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.11.06/ ес дэх аймагтаа үргэлжиллээ. Дархан-Уул аймгийн Дархан суманд болсон үндэсний хэлэлцүүлэгт Шарын гол, Хонгор, Орхон зэрэг сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, бичил уурхайчид оролцож, үгээ дайсан юм. 

Харин хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат нар оролцож, үндсэн илтгэлийг тавилаа. 

АШИГТ МАЛТМАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 14 АЖ АХУЙН НЭГЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА 

Дархан-Уул аймгийн нутагт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 65 аж ахуйн нэгж 7998.2 га газрыг эзэмшиж байна. Тодруулбал, Хонгор суманд 42, Шарын голд 15, Дархан суманд зургаа, Орхон суманд хоёр аж ахуйн нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ. Харин ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл алт 35, нүүрс нэг, шохой 14, элс хайрга дөрөв, төмрийн хүдэр хоёр, барилгын материал ес байна. 

Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгж байгаа аж. Тэд нийт 7636.99 га газарт хайгуул хийхээр зөвшөөрөл авчээ.

Өөрөөр хэлбэл, Хонгор суманд 11, Шарын гол суманд нэг аж ахуйн нэгж хайгуулын лиценз эзэмшдэг байна. Харин өнөөдрийн байдлаар ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгж байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Дээрх 14 аж ахуйн нэгж энэ онд 3111.9 га газарт үйл ажиллагаа явуулаад байгаа аж.  

Т.ГАНБОЛД: БИДЭНД БАЙГАЛЬ ЭХЭЭ СҮЙТГҮҮЛСЭН ГАШУУН ТУРШЛАГА БИЙ 

Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нээж, үг хэллээ. Тэрбээр "Манай аймагт уул уурхай төдийлэн хариуцлагатай, хуулийн хүрээнд явж чадахгүй байна. Өнөөдөр 60 гаруй аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгж бий. Тэд хуулийн хүрээнд, өөрсдийнхөө зөвшөөрлийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд байгаль эхээ сүйтгүүлсэн гашуун туршлага бий. Үүнээсээ үргэлж туршлага авч, анхаарч ажилладаг гэхэд болно. Тиймдээ ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас байнгын эргүүл постыг ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа, олборлолт явуулж байгаа эсэхийг хянадаг. Энэхүү ажил маш үр дүнтэй болсон. Аймгийн нутаг дэвсгэрт хууль бус уул уурхайг таслан зогсоож чадсан" гэж онцолж байлаа.   

С.ГАНЗОРИГ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН 

Харин Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга С.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр  "Аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгууллаа. Найман ширхэг хүнд механизмийн авто машиныг зөөж гаргаж, тухайн газрыг техник хэрэгсэлгүй болгож ажилласан. Бичиг баримтгүй 24 техник, хэрэгслийг буцааж, нэвтрүүлээгүй. Хяналтын гурван постыг ажиллуулж байна. Нийт 7.8 сая төгрөгийг гаргуулж, ажиллуулсан.

Ирэх оны төсөвт мөнгө суутгаж, гурван постоо дахин ажиллуулна.

Аймгийн хэмжээнд таван эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагад гурав, прокурорын хяналтад хоёр хэргийг шалгаж байна" гэв. Түүнчлэн тэрбээр "Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын бүрдлийг шалгаж, ажиллаж байна. Уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгж хуулийн хүлээсэн бичиг баримт нь бүрэн үйл ажиллагаа явуулж байгаа. Шарын гол суманд таван бичил уурхай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 

НИНЖА, БИЧИЛ УУРХАЙЧИН ХОЁРЫГ ЯЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙГ САНУУЛЛАА 

Хэлэлцүүлгийн үеэр нутгийн иргэд хэд, хэдэн асуудлыг хөндсөн. Үүнээс хамгийн их анхаарал татсан зүйл нь уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон иргэдэд хяналт тавьж, судалгаа явуулдаг төрийн бус байгууллагад "дагавар хүүхэд" шиг аашилдаг аж. Тэд өөрсдийнхөө хүслээр хөрөнгө мөнгөө гаргаж, сэтгэл зүрхээрээ ажилладаг ч дарга нар болон хууль хяналтынхан нэг их ойшоодоггүй, ажлыг нь хүндэтгэдэггүй талаар ярьж байлаа. 

Түүнчлэн томоохон үйлдвэрийн усны хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Тухайлбал, Дархан-Уул аймгийн эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулдаг төмөрлөгийн үйлдвэр усыг их хэмжээгээр хэрэглэдэг асуудалд хяналт тавьж ажиллах ёстой гэв. Түүгээр ч зогсохгүй тус үйлдвэр нь нөхөн сэргээлт хийхдээ төрийн бус байгууллагыг оролцуулдаггүй, тайлангаа ч тавьдаггүй байна. 

Харин хэлэлцүүлэгт оролцохоор Шарын гол сумаас хүрэлцэн ирсэн Бичил уурхай эрхлэгчдийн холбооний тэргүүн Б.Цэцэгмаа "нинжа" болон бичил уурхайчин хоёрыг ялгаж, салгаж ойлгох цаг нь болсон гэдгийг анхаарууллаа. Тэрбээр "Манай бичил уурхайн салбар Засгийн газрын "Алт-1" хөтөлбөрийн хүрээнд үүссэн. Хувиараа алт олборлогч, нинжа зэрэг олон нэр зүүж явлаа. Одоо бол цаг үе өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээний зохион байгуулалтад орчихсон байна. Бичил уурхайчид зөвхөн хаягдал газарт зөвшөөрөл авч ажилладаг. Бичил уурхайг зогсоох гэхээр аймаг, суманд ажлын байр алга. Бид эв эрүүл газарт үйл ажиллагаа хэзээ ч явуулдаггүй. Харин "нинжа" нар бол өөр. Өнөөдөр "нинжа", бичил уурхайчин хоёрыг ялгаж салгах хэрэгтэй, цаг нь болсон" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top