Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг дэмжээд байгаа. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирсон. Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-АН-аас ирүүлсэн саналд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудлыг тавьсан. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Харин ард түмний сонголтыг парламентын сонголт болгох тухай асуудал байгаа юм. Энэ асуудлыг бид ирэх долоо хоногийн даваа гарагийн хурлаараа эцэслэн шийднэ.
-Мөн АН-аас сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг шаардаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнө нь манай намын бүлэг энэ асуудлаар эсрэг байр суурьтай байсан. Одоо дахиад бүлгээрээ ярина.
-Холимог тогтолцоо нь намын нэрийн хойно нуугдаж парламентад орж ирэх оролдлого гэж шүүмжлэх гишүүд бий. Үүнийг зохицуулах арга бий юу?
-Пропорциональ чинь хоёр янз. Хүн дугуйлдаг пропорциональ, нам дугуйлдаг пропорциональ гэж бий. Манай намын гишүүд хүн дугуйлдаг пропорциональ байвал яасан юм гэж байгаа.
-Хэрэв холимог тогтолцоо орж ирвэл хэзээнээс хэрэгжих вэ?
-Манай намын зүгээс холимог тогтолцоо орж ирвэл 2024 оноос байх ёстой гэж байгаа. Энэ удаагийн сонгууль хуучнаараа явах ёстой. Он дараалал дээр АН-тай санал нэгдэх байх. УИХ-ын гишүүдэд чин хүсэл байх юм бол Үндсэн хуулиа батлах боломж бий.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хэлэлцэж дуусах вэ?
-Бид ирэх долоо хоногтоо багтаачих бодолтой байгаа. Даваа гарагт бүлгээр яриад, мягмар, лхагва гарагуудад ажлын хэсэг, байнгын хороогоор, пүрэв, баасан гарагуудад чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
-Цэцийн дарга БНСУ-д саатуулагдаад байна. Хэдийгээр тухайн хүний үйлдлийг өмөөрөх учиргүй ч Монгол Улс иргэнээ авчрахаар ямар ажил хийж байгаа вэ?
-Би энэ талаар мэдэх юм алга.
Сэтгэгдэл ( 1 )
baasnii har yalaa dvngnehee boli ... .