АНУ-д төвтэй “First Draft” олон нийтийн байгууллагаас хуурамч мэдээллийг таних, баримтыг нягтлах арга барилыг сэтгүүлчдэд таниулах зорилгоор “CrossCheck” сургалтаа эхлүүлээд байна. “CrossCheck”-н энэ удаагийн сургалтад “Вашингтон Пост”, “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлчдээс гадна “CNN” мэдээллийн агентлагийн удирдлагууд оролцжээ. Уг сургалтаар дата мэдээлэлтэй хэрхэн ажиллах, хуурамч мэдээллийг хэрхэн ангилах, программ хангамжийн хэл, технологийн шийдлүүд зэргийг сэтгүүлчдэд зааж байгаа аж.
Сүүлийн үед дэлхий даяар улс төр, бизнесийн ашиг сонирхлын бүлэглэлүүд хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар нийгэмд тарааж байгаатай холбогдуулан мэдээллийн технологийн экспертүүд, олон нийттэй харилцах ажилтан, сэтгүүлчдийн төлөөлөл хамтран “First Draft” ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагыг байгуулжээ. АНУ-д ирэх 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хуурамч мэдээллийн түрлэг нэмэгдэж байгаа цаг мөчид АНУ-ын орон нутгийн болон төвийн хэд, хэдэн сэтгүүлчдийг сургалтад хамруулахаар зорьж буй аж.
“Хуурамч мэдээлэл олон нийт гэхээс илүү мэдээлэл, баримттай илүү ойр байж олон нийтэд тараадаг сэтгүүлчдэд маш том сорилт авчраад байна. Магадгүй сэтгүүл зүй улам мэргэших шаардлагатай байгааг болж буй үйл явдал бэлхнээ харуулна. Бидний зорилго бол сэтгүүлчдийг улам “хэрсүү” болгоход оршиж байгаа. Цаашлаад хөгжиж буй улс, орны сэтгүүлчдэд “CrossCheck” сургалтаа явуулах хүсэлтэй” гэж “First Draft”-г үүсгэн байгуулагч Клейр Уордл ярьжээ.
“First Draft”-г Клейр Уордлын санаачилгаар хэвлэл мэдээллийн ёс зүй, судалгааны чиглэлийн долоон байгууллага нэгдэн 2015 онд байгуулж байсан юм. Улмаар 2016 оноос эхлэн АНУ даяар хэвлэл мэдээлийн байгууллага, редакцуудтай холбоо тогтоож сошиал медиа болон түүгээр дамжиж буй хуурамч мэдээллийн талаар сайн дураараа сургалт явуулж эхэлсэн байна. Харин 2017 оноос эхлэн хамтран ажиллагч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоо тогтоож илүү мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болжээ. Одоогоор тус байгууллага хэвлэл мэдээлийн байгууллага, академик, технологийн гэсэн үндсэн гурван чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгож, сургалт болон бусад хөтөлбөр боловсруулах зорилгоор сайн дурын сан байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын албан ёсны зөвшөөрөл авч, сургагч багш бэлтгэн Франц, Бразил, Нигери улсуудад сонгуулийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнуудад баримтыг дахин нягтлах, хуурамч мэдээллийг таних зэрэг сургалт орсон байна.
"Words matter and for that reason, when journalists use ‘fake news’ in their reporting, they are giving legitimacy to an unhelpful and increasingly dangerous phrase." Read @cward1e's essential guide to #InformationDisorder https://t.co/X5iezHkzK0
— First Draft (@firstdraftnews) November 7, 2019
Сэтгэгдэл ( 0 )