Парламентаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тодорхой зохицуулалтуудыг оруулж өгчээ. Энэ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхээр заагаад буй.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг парламент таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст баталсан ба УИХ-ын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субъектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулжээ.
ОНЦЛОХ ЗААЛТУУДЫГ ДУРДВАЛ
► УИХ-ын сонгуулийг журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглов.
► Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн зааж өгснөөр ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлого тогтвортой байх бололцоог бий болгов. Мөн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно, харин ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг Үндсэн хуульд суулгаж өглөө.
► Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулжээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар нэмэгдүүлсэн, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах зэрэг чухал заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж батлагдсан байна.
► УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах, хууль зөрчихгүй байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой чухал заалтуудыг Үндсэн хуульд тусгаж өгөв. “Давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, УИХ-аар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт орууллаа. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох тодорхой зохицуулалтуудыг бий болгосон байна. Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болов. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж зааж оруулсан. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болло
Сэтгэгдэл ( 0 )