Далай лам: Жинхэнэ аз жаргал зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Дээрхийн Гэгээн XIV Далай ламын РИА Новости агентлагийн сэтгүүлч О.Липичт өгсөн ярилцлагыг хүргүүлж байна. 


-Та хүмүүс илүү нигүүлсэнгүй болж, байгаль дэлхийгээ хайрлаж, илүү сайхан сэтгэлтэй болсон тухай нэг бус удаа ярьж байсан. Гэтэл хүн төрөлхтөнд хариуцлага дутаж байна, дэлхий дахин сүйрлийн ирмэгт тулаад байна гэж та сая хэллээ. Та бодлоо өөрчлөө юу, хүн төрөлхтөн таны урмыг хугалав уу?

-Үгүй, миний бодол өөрчлөгдөөгүй. Харин ч илүү итгэлтэй болсон. Аливаа бүхэн, хорхой шавьж хүртэл зовохыг хүсдэггүй, харин амьдралыг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсдэг. Хамгийн гол нь хүн байгалиасаа энэрэн, нигүүлсэх сэтгэлтэй төрдгийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн баримтаар нотолсон байдаг. Энэ ертөнцөд бид анх ирэхдээ л ээжийн хайр, халамжийг нэхэж, үгүйлдэг. Үүнгүйгээр бид амьдарч чадахгүй. Энэ нь нийгмийн бүх амьтанд байдаг. Хүмүүс бид мөн л нийгмийн амьтан. Олон мянган жилийн туршид бид хамтаараа амьдарч, бие биедээ тусалж, бие биенийгээ халамжилж ирсний хүчинд амьд гардаг байсан.

-Тэгээд одоо асуудал юунд оршино вэ?

-Бидний өнөөгийн ертөнцөд бидний хяналтаас гадна байдаг олон асуудал бий. Жишээ нь, дэлхийн дулаарал гэх ноцтой асуудал байна. Саяхан би хэсэг эрдэмтэдтэй уулзсан бөгөөд тэдний дунд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Тайваны эрдэмтэн байсан. Тэр манай ертөнц оршин үлдэх эсэх асуудал ойрын 80 жилд шийдэгдэнэ гэж хэлж байсан. Бид экологийн асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр байгаль орчныг хамгаалах талаар санаа тавьж буй хүний тоо улам бүр нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Өнөөдөр ямар олон хүн бусдын гарт үрэгдэж байна вэ! Одоогийнх шиг хэрвээ хүн бүр анхнаасаа л бие биенээ хөнөөж байсан бол санаа зовох зүйлгүй байх байлаа. Учир нь хүн төрөлхтөн дэлхийн хөрснөөс арчигдсан байх байсан. Миний бодлоор энэ нь феодалын тогтолцоотой салшгүй холбоотой. Феодалын нийгэмд хаад, заримдаа шашны тэргүүнүүд арми цуглуулж, бусад хүмүүсийг хөнөөлгөхөөр явуулдаг байсан. Гэхдээ цэргүүд бүгдээрээ өөрсдийнхөө амьдралыг үнэлдэг гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв тэдэнд сонголт байсан бол нэг нэгнийгээ алахгүй л байсан.

Дэлхийн нэгдүгээр, хоёрдугаар дайнууд сайн зүйл авчирсан гэж үү? Үгүй. Харин ч илүү үзэн ядах сэтгэлийг өдөөсөн. Цэргийн аж үйлдвэр хөгжсөнийг сайн үр дүн гэхгүй л юм бол. Гэвч зэвсгийн цорын ганц зориулалт нь алах шүү дээ. Цэрэг эрсийг дайчлан, бие биенийгээ хөнөөхөөр илгээхэд гол зорилго нь оршсон дайны үзэл баримтлал өөрөө феодалын тогтолцооны нэгэн илрэл. Энэ нь маш хоцрогдсон.

Тайландад шинэ хааныг залж, Японд шинэ эзэн хаанаа өргөмжилж, Британид хан хүү төрсөн. Хаант засаглалын хэлбэрийг хуучирч, хоцрогдсон гэж би үздэг. Хаан, хатан хаан гэдэг нь хоцрогдсон сэтгэлгээ. Дээрээс нь хаант засаглалд цэргийн хүчинд хамгийн их ач холбогдол өгдөг.

-Тэгвэл ямар засаглалыг та хамгийн тохиромжтой гэж үздэг вэ?

-Өнөөдөр ардчиллын цаг үе ирсэн. Энэ ертөнц долоон тэрбум хүнийх. Улс орон бүр тухайн ард түмнийх. Зохих боловсрол эзэмшиж, зөв сэтгэлгээтэй болсон хүмүүст бусдыг хөнөөх сэдэл төрөхгүй.

Европын Холбоог жишээлбэл авч үзье л дээ. Өнгөрсөн зуунд Европын улс орнууд өөр хоорондоо дайтаж байсан. Харин Дэлхийн хоёрдугаар дайны дараа хэзээ ч эвлэршгүй дайснууд юм шиг санагдаж байсан Франц, Герман хоёр тус тусын эрх ашиг бус нийтлэг эрх ашгийг эрхэмлэх нь бодит байдалд нийцнэ гэж үзсэн. Ингэж Европын Холбоо бий болсон. Үүний ачаар ХХ зууны сүүлийн хагасаас өнөөг хүртэл ЕХ-ны гишүүн орнууд иргэдийнхээ цусыг асгаруулсан дайн өөр хоорондоо хийгээгүй.

-Зөвхөн Буддын шашинтнууд төдийгүй, энэ шашныг шүтдэггүй олон хүмүүс Таныг мэргэн номлогч гэж үзэж, Тантай үеийн үед холбоотой байхыг хүсдэг. Энэ хэр боломжтой вэ, ямар арга байна?

-Ирээдүйд Далай лам институцийн хувьд орших эсэх асуудлыг Төвдийн Буддын шашин дэлгэрсэн газар нутагт амьдарч буй ард түмэн, үндэстнүүд өөрсдөө л шийднэ. Өөрөөр хэлбэл, ОХУ, Монгол, Төвд болон Хималайн бүс нутгийн ард түмэн шийднэ гэсэн үг. Далай гэдэг үг нь монгол үг юм. Энэ хэргэм зэргийг III Далай лам Монголд айлчлах үеэр нь хайрласан. Хэрвээ миний нэрээс “Далай лам” гэдэг үгийг авбал би гарын үсгээ зурж чадахгүй шүү дээ. Учир нь миний гарын үсэг “Далай лам” /инээв/.

-Та орчин үеийн залууст юу захих вэ?

-Янз бүрийн шашин болон гүн ухааны уламжлал дундаас Энэтхэгийн Наландын шашны их сургуулийн уламжлал хамгийн орчин үеийн бөгөөд шинжлэх ухаанч. Түүнийг та нар хэрэгжүүлж болно. Юуны өмнө энэ уламжлалыг уламжлалт Буддын шашинтай хүмүүс сайтар судлах ёстой. Дан залбирал эсвэл шүтлэг сэтгэлийн амар амгаланд хүрэхэд туслахгүй. Уур хилэн сөнөөх хүчтэй, харин энэрэл нигүүлсэл бүтээх чадалтай гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Уур хилэнгийн учир шалтгаан нь мэдлэггүй байх, сэтгэлгээний хязгаарлагдмал байдал гэдгийг ойлгох нь чухал. Харин энэрэл нигүүлслийн үндэс нь юмс үзэгдлийг далайцтай харж, логик дүгнэлт өгөх явдал юм. Буддын шашны номлол ёсоор, задлан шинжлэх сэтгэлгээ болон орчин үеийн шинжлэх ухаан дээр тулгуурлан энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлдэг. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг боловсролын тогтолцооны хүрээнд шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглан суулгаж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэл хэдий чинээ их байна төдий чинээ уур хилэн бага байдаг. Уур хилэнгийн үндэс шалтгаан мэдлэггүй, харанхуй мунхагт оршдог.

-Аз жаргалд үндэс шалтгаан байдаг болов уу. Ер нь аз жаргал гэгч зүйл байдаг уу? Яаж аз жаргалтай болох вэ?

-Аз жаргал бол маш нарийн сэдэв. Барууны ертөнцөд боловсрол нь бүхэлдээ материаллаг үнэт зүйлсийг олж авахад чиглэсэн байдаг. Материаллаг үнэт зүйлс бидэнд зөвхөн мэдрэмжийн таашаал бэлэглэдэг. Бид жишээ нь спортын тэмцээн зэргийг үзэх дуртай. Зарим хөгжөөн дэмжигчид баг нь хожиход баярласандаа хөл нь газарт хүрдэггүй. Энэ тохиолдолд ухамсар бус мэдрэмжийн түвшинд аз жаргалыг мэдэрдэг. Хүмүүс сайхан хөгжмөөс таашаал авдаг. Хөгжим тэднийг уйлуулж чаддаг. Амттай хоол, анхилуун үнэр, бэлгийн таашаал зэргээс хүмүүс таашаал авдаг. Тэдний мэдэрч буй аз жаргал бүхэлдээ мэдрэмж дээр тулгуурладаг.

Ийм аз жаргал зуурдын байдаг. Аз жаргалтай болоход ямар нэгэн материаллаг шалтгаан байвал та аз жаргалтай. Энэ нь алга болохоор танд зөвхөн дурсамж л үлдэнэ. Харин жинхэнэ аз жаргал зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой.

Тиймээс жинхэнэ аз жаргал мэдрэхүйн эрхтнээр олж авч буй мэдрэмж бус оюуны шинжтэй хөөрөл юм. Тиймээс мэдрэхүйн эрхтэнтэй холбоотой таагүй мэдрэмжийг мэдэрч байгаа бол оюуны түвшинд ажиллах тодорхой туршлагатай тохиолдолд та сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадна. Ингэснээр оюуны ухамсар мэдрэхүйн эрхтэнтэй холбоотой бүхий л төрлийн ухамсраас дээгүүр юм. Гэвч бид амьдралын материаллаг хэв маягаар амьдарч буйгаас шалтгаалан сэтгэл хөөрлийн боол нь болж байна.

-Энэ боолчлолоос хэрхэн ангижрах, сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрэх арга замыг хэлж өгнө үү?

-Үүний талаар би нэг зүйл хэлье. Баруунд бурхныг шүтэх шашин дэлгэрсэн. Энэтхэгт гурван мянган жилийн өмнө мэдрэхүйн зургаа дахь төрлийн үзэл баримтлалыг боловсруулсан байдаг. Энэ бол бясалгал бөгөөд зургаа дахь мэдрэхүйг амар амгалан байдалд хүргэхэд тусалдаг. Тийм учраас би Энэтхэгийн соёл иргэншлийг хамгийн хөгжингүй гэж үздэг.

Эртний Энэтхэгийн эдгээр мэдлэг VIII зуунд Төвдөд нэвтэрсэн. Үүнийг бидэнд Наландын шашны их сургуулийн Шантаракшита авчирсан. Түүнээс хойш бид энэ мэдлэгийг мянга гаруй жилийн туршид хадгалсаар байна. Пагва лам Лодойжалцан Монголд Буддын сургаалыг дэлгэрүүлсэн. Хожим нь III Далай лам Монгол Улсад Буддын номлол, их хөлгөний уламжлалыг дэлгэрүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 11 сарын 23

TARHINII TURAALUUD OILGOHGUIGEES HOISH YDAHDAA UMHII AMAA HAMHIJ SUR...

1  |  0
Bolort(24.19.4.149) 2019 оны 11 сарын 24

Amidral uzeegui baastai lam uigaa surgah be dee. Zail tsaashaa. Yadaj Lenin bagsh shiin chigchiindch hurehgui uimdaa.

0  |  1
Монгол хүн(202.179.25.98) 2020 оны 07 сарын 21

Энэ зөнөсөн тангад амныхаа зоргоор, цээжнийхээ пангаар дураараа чалчих нь их болжээ. Үнэн хэрэгтээ мэдэх юм гэхээсээ Америкийн сурталчилгааны зэвсэг болсон ба болж өгвөл дагуулж явдаг д тангадуудаа Монголд сууришуулчих далд санаатай. Бүтэхгүй. Тангад мөхөөгүйг өглөө болгон санаж бай гэсэн их эзний гэрээсийг бид мартаагүй.

0  |  2
Top