АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Далай ламтай холбоотой хуулийн төслийг дэмжжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 85 нас хүрч буй Далай ламын хойд дүрийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон Хятадын албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг дэмжжээ. Хуулийн төслийг Сенат хэлэлцэж, Цагаан ордны тэргүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Хуулийн төсөл ёсоор Хятадын засгийн газрын дэмжлэгтэй Далай ламын хойд дүрийг тодруулж, залах хэрэгт оролцсон албан тушаалтны АНУ дахь хөрөнгийг царцааж, тус улсад зорчих эрхийг хасах аж. Түүнчлэн, АНУ өөрийн дипломат төлөөлөгчийн газрыг Лхас хотод нээхээс өмнө АНУ-д Хятадын консулын газрыг нэмж байгуулахыг хориглохоор заасан байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн хэлснээр хуулийн төслийг арван жилийн өмнө тасраад буй Бээжин, Далай ламын элч хоорондын яриа хэлэлцээг сэргээх зорилгоор санаачилжээ. Төвдийн ард түмний шашин шүтэх, өөртөө засах эрхийг дэмжиж байна гэж Нэнси онцлоод Төвдийн бурхны шашинтнууд өөрсдийн шашны тэргүүнээ, ялангуяа XV Далай ламыг сонгох онцгой эрхтэй гэсэн АНУ-ын байр суурийг үүгээр баталгаажуулж байна хэмээн дурджээ.

Нобелийн энх тайвны шагналт XIV Далай лам өөрөө уламжлал эвдэн, жанч халахаасаа өмнө өөрийн хойд дүрийг тодруулах эсвэл Далай ламын институц төгсөх асуудал нээлттэй гэж өгүүлж байсан. 1995 онд Бээжин Банчин ламын хойд дүрээр зургаан настай хүүхдийг тодруулж, хорионд байлгадаг бөгөөд хүний эрхийн байгууллагууд түүнийг дэлхийн хамгийн залуу улс төрийн хоригдол гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top