Дээрхийн гэгээн Далай лам ЦЭРЭГ, ДАЙНЫ ТУХАЙ юу хэлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Дээрхийн гэгээн XIV Далай лам янз бүрийн сэдвээр үнэт сургаалаа хайрлаж, чухал асуудлуудыг хөнддөг. Түүний хэлсэн үг бүр дэлхий даяар түгж, хүмүүсийн анхаарлыг татдаг. Олон жил өнгөрсөн ч түүний хайрласан ухаарлын үгс үнэ цэнээ алддаггүй.

Ялангуяа өнөө цагт цэрэг, дайны ажиллагааны талаар хэлсэн Далай ламын үнэтэй сургаал олны анхаарлыг татаж, оюун санаандаа дахин нэг тунгаахыг сануулж байна. Дээрхийн гэгээн цэрэг, дайны талаар, үүний ард хэчнээн их уй гашуу, сүйрэл байдгийг ойлгодоггүй ч цэргийн ажиллагааг дэмждэг хүмүүсийн төөрөгдлийн талаар юу хэлж байсныг эргэн сануулъя.
 

 

  • Цэргийн ажиллагаа нь хорвоо ертөнц дэх хүчирхийллийн асар хүчтэй эх үүсвэр. Аливаа цэргийн гэх тодотголтой байгууллага хүмүүний амийг булаахын тулд чиглэдэг. Тиймээс хүмүүс энэ бүхний ард юу зогсож буй учир шалтгааныг илүү сайн ойлгох учиртай. Бодит дүр зургийг харах учиртай.
     
  • Олон хүн дайн, тулааныг сонирхолтой зүйл гэсэн гэнэн бодол тээдэг. Хүмүүс үүнийг эрчүүдийн хувьд ямар эрэлхэг, зоригтой гэдгээ харуулах боломж гэж боддог. Гэтэл үнэндээ бидний тархийг л угаасан хэрэг. Дайн сонирхолтой ч биш, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал ч биш. Дайн үргэлж аймшигтай, эмгэнэлтэй байдаг.
     
  • Орчин цагт цэргийн ажиллагаа янз бүрийн хэлбэрээр явж байна. Хүмүүсийг цэргийн технологи, зэвсэглэлийн шинэ загварыг шагширч хүлээн авах хүртэл автуулж, итгүүлдэг. Гэвч энэхүү цэргийн технологийг хэрэглэснээр ямар гашуун зовлон авчирч, хэчнээн энгийн иргэн, цэргийн амийг авч одохыг мартдаг.
     
  • Шарх авч, амиа алдахыг хүсдэг цэрэг байхгүй л болов уу. Хэрэв түүнд ямар нэгэн аймшигтай зүйл тохиовол түүний ар гэр, дотнын анд нөхөд гээд илүү олон хүн шаналдаг. Бид ийм өрнөлөөс айх, сэтгэл хиртхийх учиртай. Гэвч бид хэт их төөрөгдөлд оржээ.
     

 

  • Цэрэг, дайн эхлүүлэх шийдвэр гаргаж буй ээлжит дарангуйлагч хэр аймшигтай, хорон санаатайгаас үл хамааран нийгэм, энгийн ард иргэдийн хүлээн зөвшөөрч, дэмжсэн цэргийн байгууллага үгүй бол тэр бусдад хор, хөнөөл учруулж чадахгүй нь ойлгомжтой.
     
  • Араатан амьтан хүний аминд хүрвэл энэ нь гунигтай мэдээ. Харин хүн хүнийхээ амийг хөнөөвөл энэ нь санаанд багтамгүй хэрэг. Тиймээс бид бие биендээ санаа тавих, хүндэтгэлтэй хандах, бусдын амь насанд нигүүлсэнгүй хандахын тулд илүү их хичээх учиртай.
     
  • Далай ламын эдгээр сургаал нийтлэгдээд олон жил болсон ч өнөө хэр үнэ цэнэтэй, цаг үеэ олсон хэвээр үлджээ.
     


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top