Ромын Пап лам цөмийн зэвсэггүй дэлхийг бүтээхийг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Ромын Пап лам Фрэнсис Япон улсад хийж буй айлчлалынхаа үеэр цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохыг уриалжээ. Түүний хэлсэн үгийг NHK телевиз шууд дамжуулсан байна.

“Бид цөмийн зэвсэг ямар аймшигтай хүмүүнлэгийн болон экологийн эмгэнэлд хүргэдгийг гэрчлэх тэр газар ирээд байна. Цөмийн зэвсэггүй дэлхийг бүтээх боломжтой бөгөөд шаардлагатай байна. Цөмийн зэвсэг биднийг аливаа заналхийллээс хамгаалж чадахгүй. Хүмүүнлэгийн үүднээс цөмийн зэвсгийн хөнөөлийг бид бодож үзэх ёстой” гэж Католик шашны тэргүүн 1945 оны наймдугаар сард цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки хотноо үг хэлэхдээ онцолжээ.

Тэрбээр мөн дэлхийн нөөц баялгийг хүн төрөлхтний хөгжлийн төлөө ашиглах, хүн хоорондын итгэлцлийн бэхжүүлэх шаардлагатай гэдгийг сануулжээ.

Нагасаки хотоос Пап лам Фрэнсис дэлхийн түүхэнд анх удаа цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод айлчлахаар төлөвлөжээ. Даваа гарагт тэрбээр 2011 онд болсон цунами болон Фукушима-1 атомын цахилгаан станцад гарсан ослын хохирогчидтой уулзах юм. Хамба лам Фрэнсис мөн Токио хотноо сүсэгтэн олонд айлдвар алдах аж.Энэ айлчлал нь сүүлийн 38 жилд анх удаа Ромын Папын наран ургах оронд хийж буй айлчлал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top