Ромын Пап лам Японы эзэн хаанд бараалхжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Японд айлчлал хийж буй Ромын Пап лам Фрэнсис эзэн хаан Нарухитод өнөөдөр /2019.11.25/ бараалхжээ. Эзэн хааны ордонд болсон уулзалт хаалттай болсон байна. Эзэн хаан Нарухито Их Британид суралцаж байх үед Ватиканд зочилж, тухайн үеийн Ромын Пап лам Жон Полтой уулзаж байжээ.

Католик шашны тэргүүн Японы эзэн хаанд Ром хотын Тита хаалганы дүрс бүхий шигтгэмэл зураг бэлэглэсэн байна. Энэ бүтээлийг Италийн уран зураач Филиппо Анивиттийн /1876-1955/ бүтээлээр Ватиканы уран сайхны тусгай студи хийжээ. Эзэн хаанд зориулсан бэлгийг хагас жилийн туршид бүтээсэн гэж Гэгээнтний хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Үүнээс өмнө буюу даваа гарагийн өглөө Ромын Хамба лам 2011 онд болсон асар хүчтэй газар хөдлөлт, цунамид өртсөн хохирогчидтой уулзжээ. Ромын Папын тодорхойлсноор “гурван гамшиг буюу газар хөдлөлт, цунами, Фукушима мужийн атомын цахилгаан станц дахь осол”-ын хохирогчидтой уулзах санаачилгыг өөрөө гаргасан байна. Сүүлийн 38 жилд анх удаа болж буй Католик шашны тэргүүний энэхүү айлчлал “Амьд бүхнийг хамгаалъя” сэдвийн дор болж байна.

Пап лам Фрэнсис үдээс хойш сүсэгтэн олонд айлдвар айлдсаны дараа Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзахаар төлөвлөжээ. Талууд Хойд Солонгостой холбоотой асуудлаар санал солилцож, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах уриалга гаргах бөгөөд Абэ 1970-1980-аад онд Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар Ромын Папын дэмжлэгийг авах зорилго тавьж байгаа гэж Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Ромын Пап ламын Японд хийж буй дөрвөн өдрийн айлчлал мягмар гарагт өндөрлөнө.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ромын Пап лам Фрэнсисийг Японд хийх айлчлалаа өндөрлөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай цэрэггүй бүсэд уулзалт хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч Ватикан хариу өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top