Говь-Алтай аймгийн шинэ суурьшлын бүсэд баригдсан "Солонго" хорооллын 120 айлын орон сууцанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу айл өрхүүдийг бүрэн оруулжээ. Иргэдийн хурлаас баталсан журмын дагуу тус орон сууцанд залуу гэр бүл 15 хувь, Төрийн албан хаагч 40 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 хувь, 18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 10 хувь, өрх толгойлсон эцэг, эх 5 хувь, өндөр настан 5 хувь байх квотыг баримталсан байна.
Орон сууцанд орсон иргэдтэй аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өчигдөр /2019.12.13/ уулзаж, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, 120 айлын орон сууцтай холбогдуулан мэдээлэл хийсэн байна. Мөн уулзалтад “Солонго” дулааны станц, “Ундрага Алтай” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Тохижилт үйлчилгээний газар, Алтай Улиастайн эрчим хүчний систем ТӨК, Алтай орон сууцны корпорацын төлөөлөл оролцож оршин суугчдад мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгчээ. Оршин суугчдын зүгээс замын гэрэлтүүлэг, автобусны үйлчилгээ, гадна тохижилтод анхаарах саналыг түлхүү гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )